Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, жүжигчин Т.Энэрэлд Алтангадас одонг өнөөдөр гардуулан өгөв.
Монголын кино, театрын урлагт өөрийн өвөрмөц дүр бүтээлүүдээрээ танигдсан жүжигчин Т.Энэрэл төрийн дээд шагнал болох “Алтангадас” одон хүртлээ. Урлагийн салбарт олон жил тууштай ажиллаж, уран бүтээлээрээ олон мянган үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн түүний хөдөлмөр, бүтээлч байдлыг Монгол Улсын Ерөнхийлөгч үнэлэн энэхүү өндөр шагналыг гардуулсан юм.
Тэрбээр театр, дэлгэцийн бүтээлүүдэд өргөн хүрээний дүрийг амжилттай бүтээж, залуу үеийн уран бүтээлчдэд үлгэр дуурайл үзүүлж ирсэн.
Жүжигчин Т.Энэрэл баярын сэтгэгдлээ хуваалцахдаа, тэрбээр "Миний өвөө жүжигчин Б.Дашдаваа. Өвөөгөө их бодлоо. Өвөө маань СТА ч цол тэмдэггүй учраас энэ цолныхоо үнэ цэнийг маш их мэдэрч байна" гэв.
"Хөхөө гэрлэх дөхлөө” уран сайхны киноны гол дүр Хөхөөд жүжигчин Батнасангийн Дашдаваа тоглож, монгол түмнийхээ мөнхийн танил болсон билээ. Б.Дашдаваа жүжигчний удмын үргэлжлэл жүжигчин Т.Энэрэл өнөөдөр "Алтан гадас" одонг хүртлээ.






