Япон улсад жил бүр зохион байгуулагддаг, жуулчдын хөлд дарагддаг сакурагийн алдарт баярыг 2026 онд албан ёсоор цуцлах шийдвэр гарчээ. Шийдвэрийг Фүжиёшида хотын захиргаанаас гаргасан бөгөөд “хэт их аялал жуулчлалаас үүдэлтэй ноцтой нөхцөл байдал” үүссэнийг онцолсон байна.
Тус цэцэрлэгт хүрээлэн нь сакура цэцэглэсэн үеэр Фүжи уулын хамтаар харагддаг өвөрмөц дүр төрхөөрөө сошиал сүлжээнд, ялангуяа Instagram-д вирус болж, өдөрт 10 мянга хүртэл жуулчин хүлээн авдаг байв.
Гэвч жуулчдын хэт төвлөрөл нь орон нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Хотын захиргаанаас мэдээлснээр хог хаях, хувийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй нэвтрэх, айл өрхүүдийн хашаа, цэцэрлэгт хүрээлэн рүү орж бие засах зэрэг зөрчил цөөнгүй бүртгэгдсэн байна.
Мөн хичээлдээ явж буй хүүхдүүд явган зам дээр шахагдан, аюулгүй байдалд нь эрсдэл учирсан тохиолдлууд гарчээ.
Баярыг албан ёсоор зохион байгуулахгүй ч цэцэрлэгт хүрээлэн хэвийн нээлттэй ажиллах аж. Харин хотын зүгээс хамгаалалтын арга хэмжээг нэмэгдүүлж, зөөврийн ариун цэврийн байгууламж суурилуулан жуулчдын урсгалыг илүү хяналттай зохицуулах төлөвлөгөө боловсруулжээ.






