Нийслэлийн Татварын Газар болон дүүргийн татварын хэлтсийнхэн ажлаа тасалж, Дубай явцгаасан нь олон нийтийн шүүмжлэл дагуулж, улмаар өчигдөр /2026.01.09/Ерөнхий сайд Татварын ерөнхий газрын даргыг дуудаж, тэднийг ажлаас нь халах үүрэг өгсөн.
Тэд өнөөдөр Улаанбаатарт ирэх үед нь хэвлэлийнхэн зарим зүйлийг тодруулахад, Нийслэлийн татварын албаны дарга М.Болдбаатар "Хэл ам гаргасанд иргэдээсээ уучлалт хүсье. Бидний хувьд нийслэл зохион байгуулсан зүйлд яваад ирлээ. Зардал, санхүүжилт нь нийслэлээс гарах байх. Нийслэлийн Татварын газар шууд удирдлага нь учраас дүүргийн татварын дарга нарт би чөлөө өгсөн. Би өөрөө ТЕГ-т мэдэгдсэн. Зөвшөөрөлгүйгээр яваагүй. Миний хувьд залуучуудынхаа өмнөөс хариуцлага хүлээнэ. Дубайд туршлага судлах байдлаар төсвийн орлогын талаар нь зөндөө зүйл үзэж харлаа. Тэр улс 20хон жилийн дотор маш сайн хөгжсөн байна" гэжээ.






