ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Г.Тэмүүлэн 30-ын фракцаа мөргөж, ЗГХЭГ-ын даргын төлөө тохироо хийж явна

Г.Тэмүүлэн 30-ын фракцаа мөргөж, ЗГХЭГ-ын даргын төлөө тохироо хийж явна

Монголын улс төрийн тайзнаа шинэ Засгийн газар бүрдэх үйл явц хүлээлт дагуулж, харин бодит байдал дээр тодорхойгүй, удаашралтай хэвээр байна. Н.Учрал танхимаа бүрдүүлэхээр хөшигний ард идэвхтэй ажиллаж буй ч тохиролцооны зангилаа тайлагдахгүй, “эргэж буцсан” улс төр ид өрнөж байна. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын ээлжит хуралдаан товлогдсон ч шинэ танхим бүрдээгүй шалтгаанаар хуралдаж чадсангүй. Энэ нь зөвхөн техникийн саатал бус, харин улс төрийн гүн хуваагдал, тохиролцооны хүндрэлийг илтгэх дохио юм.

Энэ удаагийн Засгийн газрын хамгийн том сорилт бол МАН доторх хүчний харьцаа. Нам дотроо 30:38 гэсэн харьцаагаар хуваагдсан нөхцөлд аль нэг талыг илт давуу оруулсан танхим байгуулагдвал Засгийн газрын насжилт богиносох эрсдэл бодитоор үүснэ.

Иймээс Н.Учралын өмнө тулгарч буй гол бодлого нь тэнцвэр юм. Хоёр жигүүрийн төлөөллийг тэнцүү харьцаатай оруулж байж л дотоод зөрчлийг намжааж, гадаад бодлогоо тогтвортой авч явах боломж бүрдэнэ. Эс бөгөөс дотоод тэмцэл нь Засгийн газрыг дотроос нь "идэх" эрсдэлтэй.

Гэвч улс төрийн бодит байдал дээр энэхүү тэнцвэрийг хадгалах улам хүндрэх шинжтэй. Учир нь 30-ын бүлгээс зарим гишүүд байр сууриа өөрчилж, 38-ын тал руу шилжих хөдөлгөөн эхэлсэн гэх мэдээлэл улс төрийн хүрээнд тархаад байна.Тухайлбал, Сангийн сайдад нэр яригдаж байсан Г.Тэмүүлэн 38-ын талд нэгдэж, улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд очих тохироо хийж байгаа сурагтай. Энэ нь зөвхөн нэг хүний томилгооны асуудал биш, харин улс төрийн хүчний тэнцвэрийг эвдэх том дохио юм.

Өөрөөр хэлбэл, урьд өмнө нэг жигүүрт явж байсан улстөрчид өнөөдрийн нөхцөл байдалд  эрх мэдлийн төв рүү шилжиж эхэлсэн нь дотоод эв нэгдэл ямар эмзэг байгааг харуулж байна.

Энэ удаагийн Засгийн газар зөвхөн сайд нарын нэрсээр бус, харин тэдний ард байгаа улс төрийн тохиролцоогоор тодорхойлогдоно. Н.Учрал хэнийг сайдаар томилох вэ гэдгээс илүүтэй, аль жигүүрийг хэрхэн “тайвшруулах” вэ гэдэг дээр илүү анхаарахаас өөр аргагүй нөхцөлд байна. Хэрэв тэрбээр тэнцвэрийг зөв олж чадвал энэ Засгийн газар тогтвортой ажиллах боломжтой. Харин нэг тал руу хэлбийвэл өнөөдрийн удаашрал маргаашийн задралын эхлэл болж ч мэднэ.

Улс төрийн хөшигний ард өрнөж буй энэ “чимээгүй тулаан” өнөө, маргаашдаа ямар шийдэлд хүрэх нь олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна