Монголбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай тул түүний орны томилгоог удахгүй хийнэ. УИХ-ын дарга Н.Учрал тус албан тушаалд "Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй С.Наранцогтыг томилох саналаа намын бүлэгтээ танилцуулсан билээ.
Нэр дэвшигчийн сонсголыг арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Эдийн засгийн байнгын хороо зохион байгуулахаар товлосон.
Тэгвэл нэр дэвшигч С.Наранцогт хэрэв Монголбанкны Ерөнхийлөгчөөр очвол ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэлээ. Тэрбээр энэ тухай "Ихэнх бага орлоготой иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Ахмадууд ядаж даралтны эмээ, хоол хүнсээ авдаг энэ эх үүсвэр нь үнэхээр хомсдсон байна. Авсан зээлийнхээ 84 хувийг өрөндөө төлж байна. УИХ-ын даргын гаргаж буй санаачилга бол ахмадынхаа гар дээр үлддэг таван төгрөгийг нь нэмэгдүүлэх зорилготой" гэжээ.






