22 настай Кэйли Бода (Kayley Boda) гэх эмэгтэй 15 наснаасаа vape хэрэглэж эхэлсэн бөгөөд сүүлийн үед долоо хоногт нэг ширхэг 600 puff-тай нэг удаагийн (disposable) vape хэрэглэдэг байжээ. Гэвч 2025 оны эхээр шинж тэмдэг илэрч, 21 настайдаа уушигны хорт хавдрын онош сонссон түүхээ олон нийтэд ярьж, vape-ийн аюулыг анхааруулж байна.
Кэйлигийн хэлснээр, 2024 оны сүүлээр нэг удаагийн vape руу шилжсэнээс хойш хэдэн сарын дараа буюу 2025 оны 1-р сард бор өнгөтэй цэр гарч эхэлжээ. Эмч нар удаан хугацаанд үүнийг цээжний энгийн халдвар гэж оношилж, найман удаа буцааж явуулсан байна. Харин 3-р сард цустай цэр гарсны дараа рентген шинжилгээ хийлгэхэд уушгинд сүүдэр илэрчээ. Эмч нар “99% хорт хавдар биш” гэж тайвшруулсан ч 7 удаагийн биопсийн дараа 8-р сард 1-р үе шаттай уушигны хорт хавдар оношлогджээ.
9-р сард мэс засал хийлгэхэд баруун уушгины доод хэсгийг авчээ. Гэвч мэс заслын үеэр хавдар 6 тунгалгийн булчирхайд тархсан нь илэрч, оношийг 3-р үе шат руу өөрчилжээ. Одоо Кэйли химийн эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд гэр бүлдээ уушигны хорт хавдрын түүх байхгүй тул өөрийн өвчнийг vape-тэй холбож үзэж байна.
“Би vape-ээс болсон гэж бодож байна. Шинж тэмдэг маань нэг удаагийн vape эхэлснээс хойш гарсан, гэр бүлд минь ийм өвчин байгаагүй” хэмээн Кэйли хэлжээ. Тэрбээр одоо vape огт хэрэглэхээ больж, найз нөхөд, гэр бүлдээ ч зогсоохыг уриалж байна: “Vape-ээс хол байгаарай, эрт орой хэзээ нэгэн цагт таныг гүйцэх болно.”
Энэ түүх Их Британийн олон хэвлэлд (Manchester Evening News, Tyla, Daily Star гэх мэт) нийтлэгдэж, залуучуудын дунд vape-ийн тархалтыг анхааруулах болсон байна.






