XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө (2026.02.18) нар мандах луу цагт буюу 07.40 цагт Мянганы суут хүмүүн, Эзэн Богд Чингис хааны шүтээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар хүндэтгэл үзүүллээ.
“Чингис хаан” үндэсний музей дэх “Их хааны өргөө”-ний хойморт байрлах Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, шүтээн их цагаан тугийг Монгол Улсын төрийн тахилгат 13 уулын хөрс шорооны дээж, алт эрдэнэсээр билэгдэн бүтээж, шүншиглэсэн байдаг. Мөн энд төрийн хасбуу тамга зэрэг Хүннү гүрнээс XX зууны эхэн үе хүртэлх монгол түмний төрт ёс, түүх соёлын бүрэн түүхийг багтаасан төрт ёсны үнэт өв хадгалагдан буй онцлогтой.
Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг босгоход онцгой гавьяа байгуулсан суут хүмүүн, Их хааны удам, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа монголчууд гүнээ ухамсарлан цагаан сараар, хаврын тэргүүн билэгт сайн өдөр Их хаандаа сүслэн мөргөж, хүндэтгэх учиртай хэмээн энэ жилээс эхлэн ийнхүү ёслол үйлдэж, хүндэтгэл үзүүлэхээр тогтсон юм.
Гал морин жилийн шинийн нэгний өглөө 08:15 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.





