Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН 3.0)-ийн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцуулах, хувийн хэвшлийн санал авах уулзалт, хэлэлцүүлэг” зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн төв, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) хамтран зохион байгуулж, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, хог хаягдал, банк, санхүүгийн салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцов.
Арга хэмжээг нээж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан нар үг хэлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлов.
Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудаа таван жил тутам шинэчлэн тодорхойлох үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн А/91 дүгээр тогтоолоор гурав дахь удаагийн Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН 3.0)-ийн зорилтыг шинэчлэн тодорхойлж, НҮБУАӨСК-ын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлээд байна.

Уулзалтын үеэр ҮТХН 3.0-ын зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцуулж, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өглөө. Мөн хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, бодлогын орчныг сайжруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлд оролцох боломжийг ашиглах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр санал, зөвлөмжүүдийг дэвшүүллээ.
Эдгээр санал, зөвлөмжийг нэгтгэн ҮТХН 3.0-ын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний эцсийн хувилбарт тусгаж, төлөвлөгөөний хэрэгжилтийн үр нөлөө, бодит боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хэлэлцүүлэг нь ҮТХН 3.0-ын хэрэгжилтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, ногоон хөгжлийн шилжилтийг дэмжих, уур амьсгалын зорилтыг эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын төлөвлөлттэй уялдуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





