Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо боллоо. Хуралдааныг Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга Ц.Идэрбат, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд, комиссын Вьетнамын хэсгийн дарга Чинь Вьет Хунг нар хамтран даргалав.
Хуралдаанд Монголын талаас Гадаад харилцааны яамны Азийн газрын захирал Д.Гансүх, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батзориг, Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн, Гадаад харилцааны яамны Азийн газрын Гуравдугаар нарийн бичгийн дарга, Монгол, Вьетнамын ЗГХК-ын Нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа тэргүүтэй 10 гаруй яам, агентлагийн төлөөлөгчид, Вьетнамын талаас БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань, Хөдөө аж ахуй, байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Нгуен До Ань Дуан, Мал аж ахуй, мал эмнэлгийн газрын дарга Зыөнг Дат Танг тэргүүтэй 16 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.
Хуралдааны эхэнд талууд Монгол Улс, БНСВУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ эрчимтэй өрнөж буйг тэмдэглээд, энэ удаагийн 20 дугаар хуралдаан нь хоёр улсын "Иж бүрэн түншлэл"-ийн харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, шинжлэх ухаан, техник, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа харилцан илэрхийлэв. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглэв.
Талууд агаарын ачаа тээврийн эрх зүйн орчны хүрээнд тээвэр, логистикийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр улсын давуу тал бүхий бүтээгдэхүүнийг харилцан зах зээлдээ нэвтрүүлэх зорилгоор гааль, хорио цээрийн шаардлага, бүртгэл, баталгаажуулалтын мэдээлэл солилцох, холбогдох журмыг хялбарчлах боломжийг эрэлхийлэхээр тохиролцов.
Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн нэг болгох боломж байгааг талууд онцолж, мах боловсруулах технологи, HACCP болон ISO 22000 тогтолцооны туршлага нэвтрүүлэх, мэргэжилтэн солилцох, хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх, чөлөөт бүсэд хамтарсан үйлдвэр байгуулж, бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг судлахаар санал нэгдэв.
ХХААХҮ-ийн сайд бөгөөд комиссын Монголын хэсгийн дарга Ц.Идэрбат хуралдааны үеэр “Хүнс, хөдөө аж ахуй бол Монгол, Вьетнамын хамтын ажиллагааны хамгийн бодит үр дүн гаргах боломжтой салбар. Монгол махан бүтээгдэхүүн Вьетнамын зах зээлд нэвтэрч эхэлсэн. Монголоос Вьетнамын зах зээлд хонь, ямааны гүн хөлдөөсөн мах экспортлох аж ахуйн нэгжийн тоо, экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана. Хорио цээр, баталгаажуулалтын журмыг хялбарчилж, хамтарсан үйлдвэрлэлийг дэмжвэл хоёр улсын худалдааны эргэлтийг хэд дахин нэмэгдүүлэх бүрэн боломжтой” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэх, монгол, вьетнам судлалыг хөгжүүлэх, багш, оюутны солилцоог өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновац, цахим шилжилтийн чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр болов. Энэ хүрээнд Монгол, Вьетнамын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны дэд комиссын IV хуралдааныг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтов. Мөн иргэдийн харилцан зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломжийг судлахаар санал нэгдлээ.
ХХААХҮ-ийн сайд бөгөөд комиссын Монголын хэсгийн дарга Ц.Идэрбат энэхүү хуралдаан хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэв. Мөн талуудын тохиролцсон асуудлуудыг бодит ажил болгоход идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, дараагийн буюу 21 дүгээр хуралдааныг 2028 онд БНСВУ-ын Ханой хотноо зохион байгуулах саналтай байгаагаа уламжиллаа.
Ажил хэрэгч, найрсаг уур амьсгалд болсон хуралдааны төгсгөлд комиссын дарга нар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, тээвэр логистик, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хуралдааны Протоколд гарын үсэг зурлаа.




МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА
■ 1954 оны 11 дүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон.
■ 1958 онд анхны худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурсан.
■ 2023, 2024 онд хоёр улсын төрийн тэргүүнүүд харилцан төрийн айлчлал хийсэн.
■ 2024 оны 10 дугаар сараас харилцаагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн.
ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ
■ Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 120 сая ам.доллар байсан бол 2025 онд 155 сая ам.доллараас давсан.
■ 2025 онд Монгол Улс Вьетнамд 100 орчим тонн ямааны мах экспортолсон.
■ Монголоос мах, мал аж ахуйн бүтээгдэхүүн, Вьетнамаас будаа зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн голлон худалдаалдаг.

МОНГОЛ - ВЬЕТНАМЫН БИЗНЕС УУЛЗАЛТ БОЛЛОО
Хоёр улсын аж ахуйн нэгжүүд яс боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Үргэлжлүүлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунг нар Монголын зарим аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцаж, Монгол – Вьетнамын бизнес уулзалтад оролцов.
ХХААХҮ-ийн сайд бөгөөд комиссын Монголын хэсгийн дарга Ц.Идэрбат Монгол-Вьетнамын бизнес уулзалтыг нээж үг хэллээ. Сайдын хэлсэн үгнээс онцолбол, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломж бид бүхэнд бүрэн байгаа гэж үзэж байна. Түүнчлэн манай орны мал аж ахуйн түүхий эдийн нөөц болох хонь, ямаа, үхэр, адууны арьс, ширийг Вьетнамын дэвшилтэт техник технологитой хослуулан боловсруулах, мөн малын мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн экспортлох хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бид дэмжиж ажиллах болно.
Манай хоёр улс “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах байгуулах ажлыг урагшлуулах яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэж, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бий болгоно.
Хувийн хэвшлийн манлайлал, харилцан итгэлцэл, урт хугацааны түншлэл нь Монгол, Вьетнамын Иж бүрэн түншлэлийн харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулаад зогсохгүй хоёр орны уламжлалт найрсаг харилцааны үндэс суурийг улам бүр бататган бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байгаа хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлэв.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд, комиссын Вьетнамын хэсгийн дарга Чинь Вьет Хун хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг 4 чиглэлд анхаарал хандуулахыг уриалав.
Мөн хоёр улсын худалдааны эргэлтийг 200 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Засгийн газар болон бизнесийн байгууллагуудын идэвхтэй хамтын ажиллагаа чухлыг онцоллоо. Энэ хүрээнд зах зээлийн судалгаанд суурилан худалдааг өргөжүүлэх, Вьетнамын технологиор хөдөө аж ахуйн түүхий эдийг гүн боловсруулах, логистик болон цахим шилжилтийг эрчимжүүлж, хүнсний аюулгүй байдал, мөшгөх тогтолцоог сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Монгол, Вьетнамын хөдөө аж ахуйн салбарын бизнес уулзалтад Монголын талаас бүтээгдэхүүнээ Вьетнамын зах зээлд нийлүүлэх зорилготой 10 гаруй ААН, Вьетнамын талаас хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, мал, амьтны эм, вакцин, далайн гаралтай бүтээгдэхүүн, цай, кофены худалдааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой 7 аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес уулзалтад оролцов. Бизнес уулзалтын үеэр Вьетнамын талаас мал, амьтны эм, вакцины импорт эрхэлдэг “АVAC Вьетнам” хувьцаат компани, далайн гаралтай бүтээгдэхүүний худалдаа, экспорт эрхэлдэг “Лиен Вьет Сань хүнсний бүтээгдэхүүний групп” хувьцаат компани, кофены экспорт, импорт, худалдаа эрхэлдэг “Наполи” хувьцаат компанийн удирдлагууд танилцуулсан бол Монголын талаас “Булган мах маркет” ХХК, “Хүнс Экспресс” ХХК, “Очир дагинас” ХХК-иуд үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулав.
Монгол, Вьетнамын бизнес уулзалтын төгсгөлд "Булган мах маркет" ХХК, "Вьетнам-Монголын найрамдал худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал" хувьцаат компани хооронд яс боловсруулах хамтарсан үйлдвэр байгуулах харилцан ойлголцлын санамж байгуулав.



















