НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-ын өндөр түвшний хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Риогийн гурван конвенцын уялдаа холбоог шинэ шатанд гаргах шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр “Риогийн гурван конвенцын уялдаа холбоог шинэ шатанд гаргаснаар уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ажлыг бодит үр дүнд хүргэх юм” хэмээн мэдэгдэж, дэлхий нийтэд энэ чиглэлд нэгдсэн бодлого, хамтын ажиллагаа хэрэгжүүлэхийг уриалсан байна.
Тус хуралдаанд улс орнуудын Төрийн тэргүүний байгаль орчны асуудал хариуцсан тусгай элч, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, хөгжлийн асуудал хариуцсан сайд нар болон Элчин сайд нар оролцож, улс орнуудын байр суурийг танилцуулж байна.
Улаанбаатар, Ереван, Анталья хотноо зохион байгуулагдсан COP17, COP31 зэрэг олон улсын хуралдаанаас уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол гэсэн дэлхий нийтийн гурван том сорилтыг тус тусад нь шийдвэрлэх боломжгүй гэдэг нийтлэг ойлголт улам тодорхой болж буйг онцоллоо.
Хуралдаанд оролцогчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхдээ байгаль орчны тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, нүүрстөрөгч багатай эрчим хүчний шилжилтийг хурдасгахын зэрэгцээ шаардлагатай санхүүжилт, технологи, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байна.
Тухайлбал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Уулын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Динара Кемелова уулын экосистемийн доройтол нь зөвхөн тухайн бүс нутгаар хязгаарлагдахгүй, харин алс доод урсгалын бүс нутгуудын усны нөөц, хөдөө аж ахуй, эрчим хүчний хангамж, байгалийн гамшгийн эрсдэлд шууд нөлөөлдөг болохыг тэмдэглэв.
Иймд уулын экосистемд үзүүлэх нөлөөллийг хянах, мөсөн гол болон цасан бүрхүүлийн өөрчлөлтийг судлах, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, шинжлэх ухааны хамтын ажиллагаа болон дасан зохицох санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Харин Люксембургийн Байгаль орчин, уур амьсгал, биологийн олон янз байдлын сайд Серж Вилмес халуун орны ойг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилгуудад санхүүжилт олгохоо танилцуулжээ. Тухайлбал, Хөгжлийн агентлагийн хөтөлбөрт 50 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон бөгөөд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих дэлхийн хэмжээний санхүүжилтийн санаачилгад хоёр сая евро хуваарилсан байна.
Мөн Дэлхийн байгаль хамгаалах хүрээлэнтэй хамтран 15 сая еврогийн санхүүжилттэй “Climate Nexus Finance Facility” хөтөлбөрийг эхлүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Байгаль орчин, ой, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Бхупендер Ядав дэлхийн дулаарлын гол шалтгаан нь зарим улс орны олон зуун жилийн аж үйлдвэржилт, эдийн засгийн өсөлтийг дагалдан бий болсон хүлэмжийн хийн их хэмжээний ялгаруулалт гэдгийг онцоллоо.
Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг арилгах ачааг хөгжиж буй орнуудад үүрүүлэхийн зэрэгцээ тэднээс илүү өндөр зорилт шаардах нь шударга бус хэмээн үзэж, хөгжингүй орнууд уур амьсгалын санхүүжилтийн хүрээнд хүлээсэн үүргээ шударгаар, шуурхай биелүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Египет Улсын Орон нутгийн хөгжил, байгаль орчны сайд Манал Авад 2030 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 42 хувьд хүргэх зорилтоо танилцууллаа. Энэ хүрээнд Бенбан дахь нарны эрчим хүчний цогцолбор, Суэцийн булангийн салхин цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрчим хүч дамжуулах сүлжээ болон хуримтлуулах хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг мэдээлсэн юм.
Ийнхүү COP31-ийн өндөр түвшний хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогыг байгаль орчны бусад зорилттой уялдуулах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцэж байна. Хуралдаан үргэлжилж байна.











