НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал /COP31/-ын хүрээнд Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэх асуудлаарх өндөр түвшний гуравдугаар уулзалт 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Турк Улсын Анталья хотноо боллоо.
Уулзалтыг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нээж үг хэлэв.
Сайд Ц.Сандаг-Очир нээлтийн үгэндээ уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдал нь харилцан уялдаатай, нэг нэгнээсээ хамааралтай дэлхий нийтийн сорилт болохыг онцоллоо.
Мөн эдгээр асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхийн тулд улс орнуудын бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, хэрэгжилтийг нэгдмэл байдлаар авч үзэх шаардлагатайг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улсын нэрийн өмнөөс Риогийн конвенцуудын уялдаа холбоог хангах хамтын ажиллагааны бүлэг (Rio Synergies Group for Action) санаачилгыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, энэхүү санаачилга нь улс орнуудын харилцан итгэлцэлд суурилсан, бодит үр дүнд чиглэсэн хэрэгжилтийн механизм байх ёстойг онцолсон юм.
Гэхдээ Риогийн гурван конвенцын хэрэгжилтийн эцсийн хэмжүүр нь тайлан, статистик үзүүлэлтээр хязгаарлагдах ёсгүй мөн цохон тэмдэглэж, нөхөн сэргэсэн бэлчээр, хамгаалагдсан усны эх үүсвэр, сэргэж буй экосистем, сайжирсан иргэдийн амьжиргаа зэрэг хүний амьдралд гарч буй бодит эерэг өөрчлөлт байх ёстойг тодотголоо.
Монгол Улсаас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд дэвшүүлсэн “Тал хээрийн төлөвлөгөө” нь бэлчээрийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, ус, газрын нэгдсэн менежментийг сайжруулах, байгальд суурилсан шийдлүүдийг өргөжүүлэхэд чиглэж байгааг дэлхийн улс орнууд анхаарах нь зүйтэй гэлээ.

Улаанбаатар, Ереван, Анталья хотуудад 2026 онд зохион байгуулагдсан Риогийн конвенцуудын уялдаа холбооны асуудлаарх техникийн болон өндөр түвшний яриа хэлэлцүүлэгт нийт 38 Тал болон 50 гаруй түнш байгууллага санал, байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойллоо.
Уулзалтын үр дүнд эдгээр конвенцын хэрэгжилтийг уялдуулах зорилготой, улс орнуудын сайн дурын оролцоо, манлайлалд суурилсан “Rio Synergies Group for Action” хамтын ажиллагааны бүлгийг албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү санаачилга нь одоо хэрэгжиж буй бодлого, хөтөлбөр, амлалтуудыг хооронд нь уялдуулж, нөөц боломжийг илүү үр ашигтай ашиглах, үндэсний түвшний хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.









