Ерөнхий сайд бодит эдийн засагтай танилцахаар махны захуудаар явж, “цох дутсан” гэх 2500 тонн нөөцийн махыг эрэн сурвалжлав. Гэвч мах олдоогүй ч улс төрийн шинэ “дайсан” олдсон бололтой. Ингээд л хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх шийдвэр гаргав.
Харин Х.Нямбаатар ч зүгээр бууж өгсөнгүй. Тэрбээр “Тэр 2500 тонн махыг чинь би гэрийнхээ хөлдөөгчинд нуучихсан юм уу? Дэнжийн мянгын махны үнэ надад ямар хамаатай юм?” гэсэн мэдэгдэл хийж, улс төрийн гал дээр тос нэмэв.
Мөн Туулын хурдны замын асуудлыг сөхөж “Гүйцэтгэгчийн дансыг шалгаад асуудалгүй гэсэн. Чи одоо бантсандаа намайг зайлуулж байна” хэмээн шууд дайрсан нь улс төрийн уур амьсгалыг бүр ч халууцууллаа.
Уг нь махны үнэ яригдаж эхэлсэн. Гэтэл яваандаа нөөцийн махнаас илүү МАН дахь нөөцлөгдсөн улс төрийн хорсол, рейтингийн айдас, эрх мэдлийн тэмцэл ил гарч эхлэв.
Үргэлжлүүлэн дараагийн хотын даргын нэрс яригдаж эхэлжээ. Тэдний дунд Г.Занданшатарын нэр ч хүчтэй яригдаж байна. Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш нам гүмхэн ном уншиж, шатар нүүж явсан түүнийг улс төрийн дахин тайзан дээр гаргаж ирэх сценари яваа гэх хүмүүс ч байна.
Гэхдээ хот гэдэг шатар биш. Энд хүүгээ бодоод удаан сууж болдоггүй, өдөр болгон гал унтрааж, бухимдалтай иргэдийн дунд амьдардаг талбар. Хотын даргын суудал бол рейтинг өсгөдөг газар биш, харин рейтинг шатаадаг газар гэдгийг өмнөх дарга нар хангалттай харуулсан.
Өнөөдөр махны үнэ улс төрийн асуудал болж харагдаж байгаа ч үнэндээ энэ бол эрх мэдлийн дотоод тулааны гаднах шинж тэмдэг юм. Нэг тал нь “ард түмний талд зогсож байна” гэсэн дүр бүтээх гэж оролдож байхад нөгөө тал нь “өрсөлдөгчөө зайлуулж байна” гэж тодотгов.
Ингээд л нөөцийн мах хайсан ажиллагаа сүүлдээ нөөцийн уур хилэн, нөөцийн өрсөлдөгчөө устгах ажиллагаа болж хувирч байх шиг.
Харин иргэдийн хувьд улстөрчид хэрэлдэхээс илүү чухал ганц зүйл бий.Маргааш мах хэд хүрэх вэ?
Учир нь улстөрчид ээлжилж солигддог. Харин махны лангуу дээрх тоо л улам хурдан өссөөр…






