Монголын тайзны урлагт нас сүүдэр, намба суусан өв соёлыг тээн ирсэн эрхэм уран бүтээлч Осорын Норолхоо өнөөдөр өөрийн төрөлх театрын алтан тайзанд сөгдөн мөргөж, олон арван жилийн мөрөөдөл, хүлээлт, тэмүүллийнхээ эцсийн зогсоолд хүрлээ. Энэ бол түүний авьяас, зүтгэл, хөдөлмөр, амьдралынх нь үнэт шагналуудын нэгэн оргил байв.
Энэ тайзнаас л тэр инээд, нулимс, хайр, амьдралын үнэнийг үзэгчдэд хүргэж байсан. Харин өнөөдөр тэр тайзнаа өөрөө толгой бөхийн мөргөж, “Театр минь, миний бүх юм” хэмээн чимээгүй хэлж буй мэт санагдав.

Хүмүүс залуугаараа гавьяат авч, карьераа цэл залуугаараа цэцэглүүлж байх үед Норолхоо гуай урлагтаа нам гүм, даруухан зүтгэсээр, тайзны хойморын гэрэлд бус ар талын дулаан сүүдэрт амьдралынхаа ихэнхийг өнгөрөөжээ. Тэрбээр хэзээ ч шагнал хөөж, алдар эрэлхийлээгүй. Харин өнөөдөр, хөгширсөн хойноо, амьдралынхаа урт замыг тольдож харсан энэ мөчид төр түүнийг үнэллээ.
Гэхдээ энэ шагнал бол зөвхөн нэг хүний гавьяаны үнэлгээ биш. Энэ бол театрын урлагийн үнэт өвийг хамгаалж үлдээсний, үеийн үед олон шавьдаа уран үг, хүмүүжил, хүн чанар өвлүүлсний, тайзны амьдралын үнэнийг үл тасрах дөл мэт хадгалсны шагнал.
Тэр гавьяатын тэмдгээ гардаж авахдаа нулимсаа нууж чадсангүй. Хөгшрөх тусам нулимс амархан гардаг болохоор ч биш, харин урлаг гэдэг гэрэлт, бас шаналалт амьдралынх нь бүх л үнэ цэнэ, бүх л хөдөлмөр эцэст нь үнэлэгдсэн тэр мөчид зүрх нь хөдлөхөөс яах билээ.
Түүний мөргөсөн тэр алтан тайзан дээр түүний залуу нас, анхны дүр, анхны алдаа, анхны амжилт, хамгийн дулаахан алга ташилт, хамгийн шаналсан өдрүүд нь бүхэлдээ дахиж "амь орсон" мэт. Харин бидний хувьд, өнөөдөр тайзны ард чимээгүйхэн зүтгэж ирсэн нэгэн домгийн үнэт мөчийг харсан онцгой өдөр байлаа.














