“Оюу толгой” компани 6 жилийн өмнө алслагдмал дүүргүүдийн өсвөр үеийнхний сэтгэл зүй, нөхөн үржихүй болон бие бялдрын эрүүл мэндийг дэмжих зорилгоор санаачлан, анх Сонгинохайрхан дүүрэгт эхлүүлсэн “Гэрэлт” төсөл өдгөө цар хүрээгээ тэлж 25 ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д хэрэгжиж, 66,000 гаруй хүүхэд, эцэг эхэд хүрээд байна. Тус төслийг “Гүүд нэйборс Монгол” ОУТББ, “Эрүүл ирээдүйн эзэд” ТББ болон “Монголын Жюү жицүгийн холбоо”-той хамтран хэрэгжүүлж байгаа юм.
“Гэрэлт” төслийн 2025-2026 оны хичээлийн жилийн үр дүнгээ дүгнэх үйл ажиллагаа 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Энэ үеэр “Эрүүл ирээдүйн эзэд” ТББ-аас төслийн дөрвөн ЕБС-ийн сурагчдын дунд явуулсан судалгааны үр дүнгээ танилцуулсан юм. Судалгаанд 8-12 дугаар ангийн 1,000 гаруй сурагч хамрагдсан бөгөөд “Гэрэлт” төсөлд хамрагдсанаар нөхөн үржихүйн эрүүл мэнд, тэр дундаа жирэмслэлтээс сэргийлэх арга, бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдлэг нь дунджаар 11%-аар нэмэгдсэн үр дүн гарсан байна.
Мөн төслөөр бий болсон сэтгэл зүйн зөвлөгөөний “ногоон” өрөөг “аюулгүй, хамгаалагдсан орчин”, “ойлгогдож тэврүүлсэн мэдрэмж төрүүлдэг”, “тав тухтай тайван уур амьсгалтай” хэмээн сурагчид үнэлснийг 147 дугаар сургуулийн захирал Ц.Цэвэлмаа энэ үеэр онцолсон юм.
Төслийн гол үр дүн
Зургаан жилийн хугацаанд нийт 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хэрэгжсэн “Гэрэлт” төсөл:
Хүн амын нягтаршил өндөртэй Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн 25 ерөнхий боловсролын сургуульд хэрэгжиж,
66,000 гаруй сурагч, багш, эцэг эхэд шууд үр өгөөжөө хүргэжээ.
Төслийн хүрээнд:
Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө, нөхөн үржихүйн сургалтад зориулсан 50 жишиг танхим байгуулсан,
Эрсдэл бүхий 622 тохиолдлыг эрт илрүүлж, мэргэжлийн тусламжид холбон зуучилсан,
Хүүхэд хамгааллын чиглэлээр бодит арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж,
40,000 гаруй хүүхдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт зохион байгуулж,
Үе тэнгийнхэндээ зөвлөгөө өгч, холбон зуучлах чадвартай 643 “үе тэнгийн зөвлөгч” бэлтгэжээ.
Сэтгэл зүй болон бие бялдрын хөгжлийг хослуулан дэмжих зорилгоор:
Жюү жицүгийн 3 клуб шинээр байгуулж,
200 гаруй хүүхэд жюү жицүгээр хичээллэж эхэлсэн бөгөөд
Үндэсний болон олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.
“Гэрэлт” төсөл 2026-2027 оны хичээлийн жилээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд дээр хэрэгжих бөгөөд тус дүүргийн улсын сургуулиудаас 2026 оны 5 дугаар сарын 29-ийг хүртэл оролцох хүсэлтийг хүлээн авч байна. Тус төслийн үйл ажиллагаанд гэмт хэргийн шинжтэй кейсүүдэд хууль зүйн (өмгөөллийн) үйлчилгээ үзүүлэх, сурагчдын унших, ойлгох чадварыг хөгжүүлэх 1,000 номын хөтөлбөр зэрэг шинэ чиглэлүүд ирэх хичээлийн жилээс нэмэгдэж байгаа юм.













