ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Эдийн засаг

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо

Монголбанкнаас “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.06.04/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр банк, санхүүгийн салбарын эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчин, засаглал, хяналтын тогтолцоо болон санхүүгийн тогтвортой байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцэв.

Уг хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ санаачлан Улсын Их Хуралд өргөн барьсан бөгөөд 2026 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, банкны салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, засаглал, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын шинэчлэлийн үргэлжлэл болохыг онцоллоо.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлэхдээ, 2021 онд Банкны тухай хуульд оруулсан шинэчлэлийн хүрээнд системийн нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани хэлбэрт шилжүүлж, өмчлөлийн төвлөрлийг бууруулах, ил тод байдал, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн болохыг тэмдэглэв. Үүний үр дүнд арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд амжилттай нэвтэрч, олон нийтээс хөрөнгө татах боломж бүрдсэн байна.

Тэрбээр мөн дотоодын хөрөнгийн зах зээлийн багтаамж харьцангуй бага байгаа нөхцөлд банкны хувьцаа эзэмшлийн төвлөрлийг хуульд заасан хугацаанд 20 хувьд хүргэхийн тулд ойролцоогоор 3.3 их наяд төгрөгийн хувьцааг зах зээлд нийлүүлэх шаардлага үүсэж байгаа ч зах зээл богино хугацаанд ийм хэмжээний нийлүүлэлтийг шингээх боломж хязгаарлагдмал байгааг дурдав. Иймээс банкны салбарын шинэчлэлийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ зах зээлийн бодит нөхцөлтэй уялдуулсан эрх зүйн зохицуулалт шаардлагатай болсон гэдгийг онцоллоо.

Хуулийн төсөлд банкны салбарт урт хугацааны, тогтвортой гадаадын шууд хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчныг сайжруулах, гадаадын банкууд Монгол Улсад салбар болон охин компани хэлбэрээр үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг тодорхой болгох, банкны хувьцаа эзэмшлийн хязгаарлалтыг эрсдэл болон зах зээлийн нөхцөлтэй уялдуулан үе шаттайгаар өөрчлөх, олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын стратегийн хөрөнгө оруулалтын оролцоог нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгажээ.

Хуулийн төсөл нь зөвхөн банкны салбарын зохицуулалтаар хязгаарлагдахгүй бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн өрсөлдөх чадвар, томоохон төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт болон эдийн засгийн тогтвортой өсөлтөд чухал нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж банкны салбарынхан үзэж байна.

Эдгээр өөрчлөлт орсноор банкны салбарын өрсөлдөх чадвар, засаглал, хөрөнгө оруулалтын орчин сайжрахаас гадна томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн боломж нэмэгдэж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой юм.

Хэлэлцүүлэгт банк, санхүүгийн салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид, судлаачид, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод болон иргэдийн төлөөлөл оролцож, хуулийн төслийн талаар санал солилцлоо.

 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Mongolbank

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна