Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва СХД-ийн 24 дүгээр хороо, Баруун салаа орчмын ус ихээр тогтсон байршилд ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Үер ус болсны дараа бус болохоос нь урьдаж арга хэмжээ авах нь чухал юм. Дүүргүүд төхөөрөмж болон, хүн хүчээ бэлэн байлгах хэрэгтэй. Өнөөдөр ГУББГ-ын 110 хүний бүрэлдэхүүнтэй есөн бригад 45 механизмтай, өргөтгөсөн цагаар ажиллаж байна. Цаашид үерийн эрсдэлийг том бодлогоор нь харж өөрчлөх ёстой. Ялангуяа Туул-1 коллекторыг ашиглалтад оруулах шаардлагатай байна” гэв. Мөн тэрбээр үерийн эрсдэлтэй байгаа айлуудад мэдэгдэх хуудас яаралтай хүргүүлэхийг үүрэг болгов.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр “Баруун салаанд голын голдирол дагуу 600 гаруй айл бий. Эхний ээлжид 200-300 айлын асуудал хамгийн хүндрэлтэй байна. Энэ жил төр, хувийн хэвшлийн түншлэлээр Бумбатын рашаан орчимд 1.3 га газарт хиймэл нуур байгуулна. Энэ нь өвөл халиа тошин үүсэхээс сэргийлэхээс гадна үерийн эрсдэлийг бууруулах юм. Долоодугаар сарын 20-нд тус нуурыг хүлээлгэж өгнө. Түр зуурын ширүүн борооноос үүдэн дөрвөн айлын бууриар татсан ус дайраад өнгөрсөн байна. Энэ айлуудад тусламж үзүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээ ариутгалыг хийлгэж байна. Дүүргийн хэмжээнд онцгой байдлын үед ажиллах хүмүүс байнгын бэлэн байдалд байгаа. Үерийн эрсдэлтэй бүсүүдэд шуудуунд хуримтлагдсан хур хогийг цэвэрлэн бэлэн байдлыг хангаж ажилласан. Баруун салаа, Зүүн салаанд Баянхошуу дэд төвийн хүрээнд үерийн далан суваг шуудуунуудыг хийсэн” гэв.








