Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж, Д.Дамба-Очир, Н.Батбаяр нар санаачлан, батлуулснаар 2009 оноос монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсаж, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон.
Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт өнөөдөр (2026.07.10) Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн цэргийн ёслолын жагсаал, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.
Төрийн далбаа мандуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.
Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Удирдах газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, төрийн ёслолын хүндэт харуул, үлээвэр найрал хөгжимчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, ард иргэдийн төлөөлөл оролцсон.
Энэ онд 17 дахь жилдээ тэмдэглэж буй Монгол Улсын Төрийн далбааны өдрийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн цэргийн ёслолын жагсаалд тусгай зориулалтын 90 гаруй техник, нисдэг тэрэг, сөнөөгч онгоц, 4400 орчим алба хаагч, сонсогч, байлдагчид оролцсон бөгөөд ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр командлав.
Төрийн далбааг 1911, 1924, 1940, 1945, 1960 онд шинэчилилж ирсэн түүхтэй бөгөөд Монгол Улсын одоогийн төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн юм. Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн хуульчилсан байдаг.
Далбааны улаан өнгө нь ардчилсан хувьсгалыг, хөх өнгө нь манай ард түмний эгнэгт энхийг эрхэмлэгч үзэл санааг илэрхийлжээ. Соёмбо нь 1686 онд Өндөр гэгээн Занабазар хутагтын зохиосон соёмбо бичгийн эхний үсэг бөгөөд монголчууд гал мэт мандан бадарч, наран, саран мэт гэрэлтэн мөнхжиж, зэв сум мэт хурц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билэг хослон, төмөр хүрээ лугаа адил төр улсаа хамгаална гэсэн гүн утгатай юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.





