MIT-ийг нэгдүгээр курсийнхээ дараа орхиж, хиймэл оюуны салбарт тэрбумтан болсон 28 настай Александер Ван залуус амжилтад хүрэхийн тулд хиймэл оюунд суурилсан код бүтээх хэрэгслүүдийг ашиглаж сурах хэрэгтэй гэж зөвлөжээ. Тэрбээр бүр өсвөр насныхныг эдгээр технологийг эзэмшихэд “бүх цагаа” зориулах ёстой хэмээн хэлсэн байна.
Тэрбээр энэ сарын эхээр цацагдсан TBPN подкастын дугаарт залуучуудад зориулсан зөвлөгөөгөө хуваалцжээ. Технологийн томоохон компаниудад хиймэл оюун ухаан код бичих ажлыг улам бүр орлож байгаа энэ үед уг ур чадвар онцгой давуу тал болно гэж Ван үзэж байна.
Тухайлбал, Microsoft болон Google зэрэг компаниудын зарим төслүүдийн кодын 30 хүртэлх хувийг хиймэл оюун ухаан бичиж байгаа аж.
Александер Ван өсвөр насныхан “vibe coding”-ийг зүгээр нэг ур чадвар бус, амьдралынхаа нэг хэсэг болгох хэрэгтэй гэж онцолжээ.
“Хэрэв чи 13 настай бол бүх цагаа vibe coding-д зориулах хэрэгтэй. Чи амьдралаа ингэж өнгөрөөх ёстой.” хэмээн тэрбээр подкастын үеэр хэлсэн байна.
Ван 2016 онд MIT-ийг нэгдүгээр курсийнхээ дараа орхиж, хиймэл оюуны сургалтад шаардлагатай өгөгдлийг шошголох чиглэлээр ажилладаг Scale AI компанийг хамтран байгуулжээ. Тэрбээр тус компанийн гүйцэтгэх захирлаар бараг арван жил ажилласан бөгөөд компанийн хурдацтай өсөлтийн үр дүнд дэлхийн хамгийн залуу өөрийн хүчээр хөрөнгөжсөн тэрбумтан болсон юм. Forbes-ийн мэдээллээр түүний хөрөнгө тухайн үед 2 тэрбум ам.долларт хүрч байжээ.
Тэрбээр өсвөр насныхан хиймэл оюунд суурилсан код бичих хэрэгслүүдийг ашиглаж сурахад 10 мянган цаг зарцуулбал энэ нь тэдэнд асар том давуу тал болно гэж үзэж байна.





