COP17 хурал зохион байгуулж буй талбайн цаашдын ашиглалт, зориулалтын талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Ү.Оюунзул мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс зүүн тийш 2.4 км-ийн зайд 40 га талбайд COP17 хурлын бүтээн байгуулалт хийсэн. Энэ бүтээн байгуулалтын талбай хурал дууссаны дараа нийслэлийн өмч болон үлдэнэ. Тухайлбал, үндсэн талбай, явган зам, дугуйн зам, дэд бүтэц, 250 хүний багтаамжтай хоёр монгол гэр, нийтийн ариун цэврийн байгууламж, ногоон байгууламж үлдэж буй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн ундны усны эх үүсвэр. Тиймээс энэ газар барилга, байгууламж барихыг хориглодог. Энд байгаа бүтээн байгуулалтын дийлэнх нь түр байгууламж юм. Тиймээс үлдэх зүйлүүдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн өмчид бүртгэн авна. Энэ талбай бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй яг адилаар иргэд амрах эко орчин болох юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс COP17-ын талбай хүртэл 2.4 км дугуйн замыг тавьсан. Явган болон гүйлтийн замыг тун удахгүй ашиглалтад оруулна” гэв.










