Улс төр

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал (COP17)-ын гурав дахь өдөр Цэнхэр бүс дэх Монгол Улсын павильонд ХХААХҮЯ-наас цуврал хэлэлцүүлэг, ажил хэргийн уулзалтууд зохион байгууллаа. Бэлчээр, мал аж ахуй, хүнсний хангамж, малчид, нийгэм, эдийн засгийн асуудлуудыг цогцоор нь шийдэх гарц, шийдлийг эрэлхийлсэн гурван хэлэлцүүлэг дараах сэдвийн хүрээнд өрнөсөн юм.

 “Тал нутгаас зах зээлд: Монголын бэлчээрийн нүүрстөрөгчийн боломж”, 

 “Тогтвортой бэлчээрээс итгэлцэлд суурилсан худалдаа хүртэл: Аюулгүй, тэсвэртэй, нэмүү өртөг шингэсэн мал аж ахуйн тогтолцооны төлөөх Монгол Улсын нэгдсэн санаачилгууд”,

 Цөлжилттэй тэмцэх үр дүнтэй санаачилга: “Нутагтаа эзэн 100:1000” бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийг чадавхжуулах, тэжээлийн ургамал тариалалтыг дэмжих төсөл юм.

-Тоймолбол, Монгол Улсын бэлчээрийн менежментийг шинээр хөгжиж буй нүүрстөрөгчийн зах зээлтэй уялдуулах, тогтвортой, эрүүл хүнсний үйлдвэрлэлийг олон улсын худалдаанд нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн-100:1000” төсөл, Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан “Нарлаг Монголын Малчин” хөтөлбөр зэрэг онцлог, шинэлэг санаачилгыг танилцуулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар эхний хэлэлцүүлгээр дэвшүүлэв.

- Монгол Улсын хүнсний тогтолцоог тогтвортой, аюулгүй, нэмүү өртөг шингэсэн, олон улсын зах зээлд итгэл хүлээсэн тогтолцоонд шилжүүлэхэд чиглэсэн дөрвөн санаачилгыг танилцууллаа. Бэлчээрийн тогтвортой байдал, малчдын амьжиргаа, хүнсний аюулгүй байдал, найдвартай баталгаажуулалт, логистик болон зах зээлийн итгэлцлийг нэг уялдаа бүхий тогтолцоо болгон хөгжүүлэх шаардлагатай.

Энэ хүрээнд эрсдэлд суурилсан махны аюулгүй байдлын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх, мэргэшсэн үнэлгээчдийн үндэсний чадавхыг бий болгох, температурын хяналттай хүнсний бүтээгдэхүүний логистикийн чадавхыг бэхжүүлэх FALCON санаачилга, мөн гүүний саамны үйлдвэрлэлийн системийг хөгжүүлж, малчдын орлогын шинэ боломж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бий болгох санаачилгыг танилцуулсан юм.

- Мал аж ахуйн салбарт цаг агаар, уур амьсгал нөлөө, түүнээс үүдэлтэй отор нүүдэл, малын халдварт өвчин, бэлчээрийн хомсдол, доройтол, түүхий эдийн үнэгүйдэл, малчны нийгмийн үйлчилгээ гээд олон асуудал тулгамдаад буй. Эдгээрийг даван туулахын тулд ган, зудыг малын хоргодолгүй давсан, ашиг орлого төвлөрүүлсэн, бэлчээрээ нөхөн сэргээж эхэлсэн малчдын сайн туршлагыг үндэслэн “Нутагтаа эзэн 100:1000” төслийг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 24 сумын 24 багт “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд 778 өрх 2270 га-д гурван төрлийн ногоон тэжээл тариалсан байна. Малчид ногоон тэжээлээ ирэх 9-р сард хураан авах гэж байгаа юм. 

Төсөл хэрэгжсэнээр малчид нутаг орондоо тогтвортой амьдрах, орлого нь нэмэгдэх, ган зудыг даван туулах чадавх сайжрах, отор нүүдлээс үүдэх малын гоц халдварт өвчин буурах, малын ашиг шим нэмэгдэх, бэлчээрийн даац ашиглалтыг зохистой болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ХХААХҮЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна