Уулзалтын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Дэлхийн банктай хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүн, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.
Өмнө хэрэгжсэн “Цахим эрүүл мэнд” төсөл, КОВИД-19 цар тахлын үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг онцолж, цаашид:
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, мэдээллийн системийн уялдаа холбоо
Мэдээлэл харилцан солилцох, системийн харилцан ажиллагааг сайжруулах
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг өргөжүүлэх
Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох
Цар тахал болон нийтийн эрүүл мэндийн онцгой байдлын бэлэн байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Бид өмнөх хамтын ажиллагааны бий болгосон суурь, сургамжид тулгуурлан эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг дараагийн шатанд хүргэхийг зорьж байна. Ялангуяа эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийн системийн уялдаа, мэдээлэл харилцан солилцоо, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагаагаа чиглүүлэх нь чухал. Эцсийн үр дүн нь иргэн бүрд илүү хурдан, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд чиглэх ёстой” хэмээн онцлов.





