Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.09.14/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцоллоо. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглээд, өмнө нь хэрэгжиж эхэлсэн болон яригдсан төсөл, хөтөлбөрүүдийг бодит үр дүнд хүргэх шаардлагатай гэв.

Уулзалтаар Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов. Шадар сайд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хөрш орнуудтай хэрэгжүүлэх хамтын ажиллагаатай уялдуулж, Буриад Улстай хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүнд чиглүүлэх нь чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн Монгол, Орос, Хятадын газар зүйн байршлын давуу талыг ашиглан Евразийн бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевич Алтанбулагийн чөлөөт бүсэд аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, холбогдох дэмжлэг, хөнгөлөлтийн нөхцөлийг судлахаа илэрхийллээ. Мөн хил орчмын ой, хээрийн түймэр болон бусад гамшгийн үед шуурхай мэдээлэл солилцох, харилцан дэмжлэг үзүүлэх, техник, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээ онцлов.







