ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

COP31-ээр дэлхийн байгаль орчны гурван том сорилтыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэх чиглэл тодорхойлогдоно

COP31-ээр дэлхийн байгаль орчны гурван том сорилтыг нэгдсэн бодлогоор шийдвэрлэх чиглэл тодорхойлогдоно

СОР31 хурлын шийдвэр тун удахгүй гарах гэж байна. Энэхүү шийдвэр нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хязгаарлагдахгүй, харин дэлхий нийтийн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэрхэн уялдаа холбоотой, нэгдмэл бодлогоор шийдвэрлэх вэ гэдэгт чухал чиглэл, шинэ боломжийг нээнэ.

Улаанбаатар, Ереван хотноо зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх болон Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын бага хурал, мөн Турк Улсын Анталья хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын бага хурлын хүрээнд дэлхийн улс орнуудын илэрхийлж буй байр суурь, нийтлэг зорилго, бодлогын чиг хандлагыг нэгтгэн дүгнэвэл дараах үндсэн зарчмууд тодорхой харагдаж байна.

Үүнд:

Нэгдүгээрт, дэлхий нийтийн байгаль орчинд тулгамдаж буй үндсэн гурван суурь хямралыг харилцан уялдаатайгаар шийдвэрлэх шаардлагатай.

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол, цөлжилт нь бие биеэсээ салангид асуудал бус юм. 

Нэг үгээр, харилцан нөлөөлж, улам бүр даамжруулж буй нэг цогц сорилт юм.

Иймд эдгээр асуудлыг тус тусад нь авч үзэх бус, харилцан уялдааг нь харгалзсан, шинжлэх ухаанд суурилсан, экосистемийн тогтвортой байдлыг бүхэлд нь хангах нэгдсэн бодлого, шийдлээр шийдвэрлэх нь нэн чухал байна.

 

Хоёрдугаарт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх санхүүжилтийг бодитой нэмэгдүүлэх ёстой. Улс орнуудын төсөв, олон улсын санхүүгийн механизм, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийг үр дүнтэй уялдуулж, байгаль хамгаалал, газрын доройтлыг бууруулах, ой болон бусад экосистемийг нөхөн сэргээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх нь чухал юм.

Гуравдугаарт, улс орнуудын бодлого, үйл ажиллагааг нэгтгэсэн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай.Байгаль орчны сорилт нь улс орны хил хязгаараар хязгаарлагдахгүй. 

Тиймээс улс орнууд нийтлэг зорилго, харилцан хүлээсэн үүрэг, харилцан ашигтай хамтын ажиллагаанд тулгуурлан нэг зүгт харж, нэгдсэн ойлголт, бодлого, үйл ажиллагаагаар урагшлах шаардлагатай. 

Ялангуяа Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бодит ажил хэрэг болгох нь дэлхийн байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, давхардсан үйл ажиллагааг бууруулах, нөөц боломжийг илүү үр ашигтай ашиглах чухал нөхцөл болно.

Дөрөвдүгээрт, байгаль орчны талаарх иргэдийн мэдлэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх.

Байгаль хамгаалал нь зөвхөн төр засаг, олон улсын байгууллагын үүрэг биш. 

Харин хүн бүрийн оролцоо, хандлага, өдөр тутмын үйлдлээс эхэлдэг. 

Иймд иргэдийн экологийн боловсрол, экосистемийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэхийн зэрэгцээ байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсар, чин эрмэлзэл, хариуцлагатай хэрэглээ, тогтвортой амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нь урт хугацааны үр дүнгийн үндэс юм.

Энэ бол маш чухал.

Монгол Улсын хувьд байгаль орчны салбарт өмнө нь гаргасан бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн алдаа дутагдлыг бодитоор үнэлж, засаж залруулах. Цаашид ижил алдааг давтахгүй байх зарчмыг баримтлан ажиллах шаардлагыг онцгойлон авч үзэж байна. 

Бид доройтсон экосистемийг нөхөн сэргээх, газрын доройтол, цөлжилтийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах чиглэлээр шат дараатай, тууштай, бодит үр дүнд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Түүнчлэн байгаль орчны асуудлыг зөвхөн салбарын хүрээнд бус, үндэсний хөгжлийн бодлого, эдийн засгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, нийгмийн хөгжилтэй нягт уялдуулах ёстой. 

Ийм ч учраас Турк Улсын Анталья хотноо зохион байгуулагдаж буй СОР31-ийн Ерөнхийлөгчийн санаачилсан Риогийн гурван конвенцын уялдаа холбоог хангах үйл ажиллагааны бүлгийг Монгол Улс бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:COP31

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна