Нийслэлийн улс төрд нэгэн зэрэг хэд хэдэн маргаантай асуудал огцом давхцаж, нөхцөл байдлыг хурцатгаж байна. Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах асуудлаар ээлжит бус хурал зарласан нь өөрөө хууль зүйн маргаан дагуулж эхэлсэн бол уг хурлын явцад гарсан байр сууринууд улс төрийн зөрчлийг ил болголоо.
Энэ дунд НИТХ-ын Ажлын албаны дарга М.Халтарын өгсөн ярилцлага онцгой анхаарал татаж байна. Түүний хувьд хуралдааныг хууль ёсны болсон гэж хамгаалсан төдийгүй дотоод зохион байгуулалттай холбоотой мэдээллийг олон нийтэд ил гаргасан нь “мэргэжлийн аппарат улстөржиж байна уу” гэсэн асуултыг дагуулж байна.
Уг нь Ажлын алба бол аль нэг талд үйлчлэх бус, Хурлын хэвийн ажиллагааг хангах төвийг сахисан бүтэц. Гэтэл даргынх нь байр суурь ийн ил тод улс төрийн өнгө аястай болсон нь дотоод зөрчил аль шатандаа хүрснийг илтгэж буй хэрэг.
Нөгөө талд, хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын дарга А.Баярын талаар “шөнийн цагаар ажиллаж, захирамж гаргахдаа шашны зан үйл үйлддэг” гэх утгатай мэдэгдэл хийсэн нь маргааныг улс төрөөс давж, хэн нэгний хэлсэн худал ташаа мэдээллээр хувь хүний зан үйл, ёс зүйн хүрээ рүү шилжүүлэв.
Үүнтэй зэрэгцэн М.Халтарын талаар ч төлөөлөгчдийн дунд янз бүрийн яриа, тэр дундаа шашны чиг хандлагатай холбоотой мэдээлэл түгж байна. Түүнийг шашинлаг, тодруулбал бөө мөргөлийн чиг хандлагатай гэх мэдээлэл төлөөлөгчдийн хүрээнд яригдаж эхэлжээ.





