Монгол–Хятадын хүүхдүүдийг хамруулсан олон улсын зуслангийн хөтөлбөр 8 дугаар сарын 3-наас 13-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын VII ээлжинд амжилттай хэрэгжиж байна.
Энэ удаагийн хөтөлбөрт БНХАУ-ын Бээжин хот болон Жэжян мужид амьдарч, суралцдаг, ойн бэлчээрийн бүсийн айл өрхийн хүүхдүүд 2 багшийн хамт хүрэлцэн ирээд байна.
Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайд Н. Учралын дэмжлэгээр богино хугацаанд зохион байгуулсан энэхүү аялалд байгальд хайртай, экологийн тэнцвэрийг хадгалах хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд сонгогдсон юм.

"Хятад улс маш их мод тарьж, байгаль орчноо нөхөн сэргээж чаддагаараа алдартай. Мод тарих арвин туршлагатай хүүхдүүд монгол үе тэнгийнхэндээ хэрхэн мод тарихыг зааж өгөх боломжтойг сонсоод бид урьсан юм. Цаашид Хятад улстай байгаль орчин, экологийн олон төслийг хамтран хэрэгжүүлнэ гэж найдаж байна гэж "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан хэллээ.
Хүүхдүүд зусланд амрангаа Монгол орны түүх, соёлтой танилцаж, танин мэдэхүйн цогц хөтөлбөрт хамрагдана. Үүнд:
-Улаанбаатар хоттой танилцаж, Чингис хаан Үндэсний музей болон "Цонжин болдог" цогцолборыг үзэж сонирхоно.
-Мод тарих, байгаль орноо хамгаалах болон экологийн нөхөн сэргээлтийн туршлагаас харилцан суралцах юм.







