Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлд олгох нөхөн олговрын талаар Малайзын Давж заалдах шатны шүүх дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.
Апелляцийн шүүх анхан шатны шүүхээс 2022 онд тогтоосон RM5 сая (ойролцоогоор 5.5 тэрбум төгрөг) нөхөн олговрын шийдвэрийг хүчингүй болгож, уг дүнг RM1.38 сая (ойролцоогоор 1.38 тэрбум төгрөг) болгон бууруулсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Давж заалдах шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, анхны нөхөн олговрын хэмжээг үндэслэлгүй гэж үзэн шинэ дүн тогтоожээ.
Шинэ нөхөн олговрын RM384,000 санхүүгийн хохирлын төлбөр, RM1 сая хүндрүүлсэн нөхөн олговор гэж тус тус тогтоогдсон байна.
Мөн шүүх Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлж, экс цагдаа нарын үйлдэл нь төрийн албаны үүргийн хүрээнд хамаарахгүй гэж дүгнэжээ.
Уг шийдвэрийг Malaysiakini, Malay Mail, The Star зэрэг нэр хүндтэй хэвлэлүүд сурвалжилсан байна. Ш.Алтантуяагийн гэр бүл уг шийдвэрийг эс зөвшөөрч, Федерал шүүхэд дахин давж заалдах гомдол гаргахаар төлөвлөж буйг өмгөөлөгч нь мэдэгджээ.
Шүүх хуралд амь хохирогч Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу оролцсон. Тэрбээр 20 дахь жилдээ шүүх хуралд оролцож, явахаасаа өмнө цахим хуудастаа "Малайзын төр, засаг надтай давж заалдсан ээлжит шүүх хуралд оролцохоор явлаа. Надад сэтгэлийн дэм хүргэсэн монгол ахан дүүстээ баярлалаа" хэмээсэн юм.
Эргэн сануулахад, Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд Малайз улсад онц хэрцгийгээр амь насаа алдсан бөгөөд уг хэрэгт холбогдсон этгээдүүд шүүхээс ял шийтгэл хүлээсэн. Түүний гэр бүл 2007 онд иргэний нэхэмжлэл гаргасны дагуу 2022 онд Shah Alam хотын Дээд шүүхээс RM5 саяын нөхөн олговор олгох шийдвэр гаргасан юм.






