Дэд сайд Б.Солонгоо төрийн албан тушаалтнуудын сөрөг мэдээллийг устгуулах нөхцөлтэй 2.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан тухай ХЗДХ-ийн сайд Н.Энхбаяр мэдээлсэн билээ.
Тэгвэл үүнд дэд сайд Б.Солонгоо тайлбар хийжээ.Тэрбээр "Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлсэн албан бичигт миний нэр дурдагдсантай холбогдуулан сэтгүүлчдээс асуулт ирж байгаа учраас тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ: тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллах хугацаанд 2024 онд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Оюутолгой төслийн талаар шүгэл үлээж байсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын иргэн Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулах нь миний бие дур мэдэж гаргасан шийдвэр биш юм.
Засгийн газрын холбогдох шийдвэр, Ричард Боули, Маурис Даффи нартай гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн эсэх асуудлыг холбогдох чиг үүргийн байгууллага хуулийн дагуу шалгаж, дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна.
Дашрамд дурдахад эдгээр хувь хүмүүс нь Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 2 тэрбум ам.доллароор хэтэрч, ашиглалтад орох хугацаа 2 жилээр хойшилсон шалтгаан, нөхцөлийн талаар шүгэл үлээж АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл өгч байсан. Энэ талаар олон улсын хэвлэлээр мөн мэдээлж байсан. Оюутолгой төсөлтэй холбогдуулж үүссэн татварын маргаанд Монгол Улсын Засгийн газар хоёр сөрөг нэхэмжлэл гаргасны нэг нь гүний уурхайн зардал хэтэрсэнтэй холбогдуулж Монгол Улсад учирсан хохирлын асуудал байдаг" гэжээ.






