The Lemons хамтлаг байгуулагдсаны 22 жилийн ой энэ жил тохиож байна. Тус хамтлаг ойн хүрээндээ есдүгээр сарын 4-нд SocialPay Park-д бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо хийх гэж буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсоор зарлалаа.Тоглолт 18:00-23:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд The Lemons хамтлагийн 22 жилийн хугацаанд гаргасан хит дуунуудаас гадна тайзан дээр тэр бүр тоглогддоггүй уран бүтээлүүд болон хараахан цацагдаагүй шинэ дуунууд эгшиглэх юм.
Хамтлагийн гишүүдийн хэлснээр энэ удаагийн тоглолт нь 22 жилийн хугацаанд сонсогчидтойгоо хамт бүтээсэн дурсамжаар нэгэн үдэш аялах юм. Мөн The Lemons хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ийм өргөн хэмжээний бие даасан тоглолтыг анх удаа хийх гэж байгаагаараа онцлог юм.
Ойн тоглолтын бас нэгэн онцлох хэсэг нь филармонийн оркестр хамтран тоглох юм. Ингэснээр сонсогчдын хэдийнэ мэддэг The Lemons-ийн дуунууд оркестрын хөгжимтэй хослон, шинэ өнгө аястайгаар үзэгчдэд хүрнэ. Түүнчлэн тус хамтлагийн 22 жилийн уран бүтээлийн замналтай холбоотой уран бүтээлчид, хамтран ажиллаж ирсэн тусгай зочид тайзнаа гарахаар төлөвлөжээ. Зочин уран бүтээлчдийн нэрийг тоглолт ойртох тусам цувралаар зарлах юм байна.
The Lemons хамтлаг хэвлэлийн бага хурлын үеэр сонсогчдодоо бас нэгэн шинэ мэдээ дуулгалаа. Тэд одоогоор шинэ цомог дээрээ ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй цомгоо гаргахаар төлөвлөсөн байна. Хамтлаг өмнөх цомгоо гаргаснаас хойш 11 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд шинэ уран бүтээлүүдээ нэг нэгээр нь цацахаас илүүтэйгээр дуунуудаа нэгэн цул бүтээл болгон зангидаж, бүтэн цомог хэлбэрээр сонсогчдодоо хүргэхээр ажилласан гэдгээ онцоллоо. Шинэ цомгийн нэр, багтсан дуунууд болон албан ёсоор гарах хугацааг удахгүй зарлах юм байна.
Тасалбарын мэдээлэл
Тоглолтын тасалбарыг EventX.mn-ээр худалдаалж байгаа бөгөөд дараах үнэтэй байна.
Early Bird -69,000 төгрөг /08.04–08.14/
Late Bird - 89,000 төгрөг /08.15–08.31/
Regular Ticket - 109,000 төгрөг /09.01–09.04/
Тоглолтын зохион байгуулалтад Mongol Mix Project, Event X хамтран ажиллаж байна. The Lemons-ийн 20 гаруй жилийн турш сонсож ирсэн үнэнч фэнүүдээс эхлээд сүүлийн жилүүдэд тус хамтлагийн хөгжмийг сонсож эхэлсэн шинэ үеийнхэн хүртэл нэг дор цуглах нэгэн үдэш цуглах юм.





