ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Авлигачдын мөнгө хаачив, ахмадын тэтгэвэрт зарцуулья

Авлигачдын мөнгө хаачив, ахмадын тэтгэвэрт зарцуулья

Сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байна гэж төр мэдэгдсээр ирсэн.

Сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байна гэж төр мэдэгдсээр ирсэн.

“Тэтгэврийг 50 хувиар нэмэгдүүлэх мөнгө байхгүй” гэж Ерөнхий сайд Г.Занданшатар ил тод хэллээ. “Үнэнээ л хэлж байна” хэмээн тэрбээр онцолсон. Тооцоолол нь ч тодорхой,  тэтгэврийг 50 хувиар нэмэхэд 2.8 их наяд,  доод хэмжээг 1.5 сая болгоход 4.5 их наяд төгрөг шаардлагатай.  Улсын төсөв “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” хэмжээнд байгааг тэрбээр тайлбарлав.

Тэгвэл авлигачдаас хураасан, хураах ёстой мөнгө хаачив. Сүүлийн жилүүдэд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэж байна гэж төр мэдэгдсээр ирсэн. Өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон хэрэг, олон тэрбумын үнэтэй үл хөдлөх, тансаг хэрэглээ ил болж, зарим хөрөнгийг хураасан тухай АТГ мэдээлдэг. Гэвч энэ бүхний эцэст иргэдийн амьдралд ямар бодит өөрчлөлт мэдрэгдэв?

Өнөөдөр дундаж тэтгэвэр 930 мянган төгрөг. Үнийн өсөлт, эм тариа, дулаан, хоол хүнсний зардлыг харгалзвал энэ мөнгө ахмад настны амьдралд биш, амьд үлдэхэд нь л хүрч байна. Тийм атлаа авлигын улмаас алдсан мөнгөөр хэн хариуцлага хүлээв, хэн нөхөн төлөв?

Хэрэв авлигын замаар олсон хөрөнгийг бүрэн хураадаг, тэр мөнгийг ил тод санд төвлөрүүлдэг, хамгийн эмзэг бүлэг болох ахмадуудын тэтгэвэрт зориуд зарцуулдаг байсан бол “мөнгө байхгүй” гэдэг өгүүлбэр өөрөөр сонсогдох байлаа.

Тэтгэврээ 50 хувь нэмэгдүүлье гэсэн шаардлага бол зүгээр нэг тоо биш. Энэ бол ахмадын маань эмээ цагтаа авах боломж, дулаан байрандаа өвөлжих баталгаа, хүүхдүүддээ ачаа болохгүй амьдрах баталгаа юм.

Хэрэв 2.8 их наяд төгрөг тэтгэвэрт олдохгүй байна гэвэл, 2 их наяд төгрөгийг хэн, яаж, хэзээ хулгайлсныг ил тод хэлэх цаг болсон. Авлигатай тэмцэнэ гэдэг зөвхөн хэрэг нээж, мэдээ гаргахаар хязгаарлагдах ёсгүй. Авлигатай тэмцсэний үр дүн нь иргэдийн халаасанд, ялангуяа ахмадын тэтгэврийн дэвсгэрт дээр мэдрэгдэх ёстой.

Тэтгэврийг нэмэх мөнгө байхгүй гэж үнэнээ хэлсэн бол авлигаас хураасан мөнгө хаашаа ордог вэ гэдгийг ч бас үнэнээр нь хэлэх хэрэгтэй. Тэгвэл “тэтгэврийг нэмэх мөнгө олдохгүй” гэх үг бус, ахмадуудын амьдралыг сайжруулах улс төрийн зориг байна уу гэдэг асуулт л үлдэнэ.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна