Гадны банк Монголын зах зээлд орж ирэх асуудал дахин яригдаж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайханы өмнө нь илэрхийлж байсан байр суурь анхаарал татаж байна. Тэрбээр гадны банк орж ирэхийг эсэргүүцэх хандлагыг бодит бус айдас хэмээн тодорхойлж байжээ.
Тодруулбал, С.Амарсайхан энэ байр сууриа хэдэн жилийн өмнө илэрхийлэхдээ, “Гадны банк гэхээр юунаас нь айгаад байдаг юм бэ. Бид мөнгөө гадагш нь аваачиж хийх гээд байгаа юм биш. Бид хууль, дүрэмтэй, тусгаар тогтносон улс. Өөрсдөө эзэн шиг нь байж хяналт, шаардлагаа тавьж чадвал өгөөжийг нь хүртэнэ. Гадны банк орж ирж болохгүй гэсэн ойлголтыг мангас харсан юм шиг бүх шатанд суулгасан. Энэ нь хэдхэн банкны эрх ашгаас үүдэлтэй” хэмээн ярьж байв.
Түүний хэлснээр гадны банк орж ирснээр санхүүгийн салбарт өрсөлдөөн нэмэгдэж, үйлчилгээний чанар сайжрах, зээлийн хүү буурах боломж бүрдэх юм.
Гадны банкны асуудал олон жилийн өмнөөс яригдаж ирсэн ч бодит шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрч байгаа нь ийнхүү дахин анхаарлын төвд орж байна.






