Хэсэгхэн хугацаанд нам жим байсан улс төр дахин халуун цэгтээ орлоо. Арайхийн тогтож үлдсэн Засгийн газар энэ удаа дотоод зөрчлөөсөө бус, сөрөг хүчний шахалтаар ганхаж эхэлж байна. Нэг долоо хоногийн өмнө томилогдсон дэд сайд нарын асуудал улстөрийн маргааны гол гал болж, Засгийн газрын хувь заяаг хэлэлцэх хэмжээнд хүрлээ.
Сөрөг хүчин дэд сайд нарын томилгоог төрийн данхар бүтцийн илрэл хэмээн үзэж, эргэж харахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэж ил тод мэдэгдэв. Үүний дараа тэд УИХ дахь гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлсэн нь улс төрийн дараагийн шат эхэлснийг илтгэнэ.
АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Үүнээс 32 гишүүний гарын үсэг цугларвал Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барих эрх нь нээгдэнэ. Энэ босго АН-д хүндрэл биш, одоогоор бараг хангагдсан гэх сураг улс төрийн хүрээнд тархаад байна.
Нөгөө талд эрх баригч МАН ил тод “тохиролцоо хийхгүй” гэсэн байр суурь баримталж, “бичгээ оруулаад ир, хэн нь дийлэхээ харъя” гэх агуулгатай хандсан нь анхаарал татна. Энэ нь нэг талаас өөртөө итгэлтэй харагдах ч нөгөө талаас улс төрийн том эрсдэлтэй алхам.
Хоёр даргын хүчний сорилт
Энэ үйл явдал бодитоороо хоёр намын даргын хоорондох хүчний тулаан болж хувирах төлөвтэй. АН-ын дарга О.Цогтгэрэл, МАН-ын дарга Н.Учрал нарын хэн нь парламентын танхимд бодит нөлөөтэй вэ гэдэг асуултад хариу өгөх мөч ирж байна.
АН-ын 42 гишүүн дээр МАН-аас хэн, хэн нэмэгдэх вэ гэдэг нь шийдвэрлэх ач холбогдолтой. Учир нь Засгийн газрын хувь заяа 64 кнопоор шийдэгдэнэ. Хэрэв энэ санал хураалтын үеэр МАН-аас ганц нэгээрээ бус, бүлэглэсэн хэлбэрээр “урвагч” санал гарвал саяхан намжсан мэт харагдаж байсан дотоод хуваагдал үнэндээ арилаагүй, зөвхөн түр дарагдсан байсныг илчилнэ. Өөрөөр хэлбэл, МАН дотроо үнэхээр эвлэрч, нэгдэж чадсан уу, эсвэл даргын солилцоо, түр тохиролцооны үр дүнд зөрчлөө гадарга дээрээ л намжаасан уу гэдэг асуултын хариу гарна.
Энэ тохиолдолд Засгийн газрын хувь заяанаас гадна МАН-ын дотоод улс төр илүү хүнд цохилт амсана. Учир нь саналын хуваагдал гэдэг бол жирийн санал зөрөлдөөн биш, харин намын удирдлагын нөлөө, сахилга бат, команд бодитоор ажиллаж чадаж байна уу гэдгийн шалгуур юм.
Хэрэв өөрсдийн Засгийн газрыг хамгаалж чадахгүй бол “илааршсан” гэх тодорхойлолт улс төрийн пиар төдий байсныг парламентын танхим дээр өөрсдөө баталж өгсөн хэрэг болно.
Нөгөөтэйгүүр, энэ бол МАН-ын шинэ дарга Н.Учралд тулгарч буй анхны том сорилт. Тэр намынхаа гишүүдийг нэгтгэж, сахилга баттай барьж чадаж байна уу, улс төрийн жин, нөлөө нь хэр вэ гэдэг асуултын хариу яг энэ үед тодорно.
Цаг хугацаа шахаж байна
Намрын чуулган энэ сарын 31-нд хаагдана. Үлдсэн цөөн хоногт улс төрийн үйл явц асар хурдтай өрнөх нь тодорхой. Энэ удаагийн улс төрийн хөдөлгөөнд хамгийн чухал хүчин зүйл нь шахуу цаг хугацаа юм. Намрын чуулган 31-нд хаагдах ч түүнээс өмнө гарч ирсэн маргаан нэг удаагийн шийдвэрээр дуусах боломжгүй. Учир нь дэд сайд нарын асуудал бол шалтаг. Харин цаана нь парламент дахь бодит хүчний харьцаа, намын удирдлагын нөлөө, Засгийн газрын тогтвортой байдал зэрэг давхар давхар сонирхлууд нэг цэгт огтлолцож байна.
Энэ богино хугацаанд гаргах аливаа шийдвэр тактикийн шинжтэй мэт харагдавч стратегийн үр дагавартай. Хэрэв асуудлыг хүчээр “даралтгүй” өнгөрөөвөл дараагийн чуулганд илүү том хямралын эх үүсвэр үлдээнэ. Харин одоо Засгийн газрыг хамгаалж үлдсэн ч энэ нь тогтвортой байдлын баталгаа биш, харин дараагийн мөргөлдөөний хугацааг хойшлуулсан шийдэл л болж магад.
Иймээс ойрын өдрүүдэд өрнөх үйл явц нь Засгийн газар огцрох, эс огцрох асуудлаар хязгаарлагдахгүй. Харин парламент дотор хэн бодит нөлөөтэй вэ, аль нам дотроо үнэхээр удирдлагатай вэ, улс төрийн шийдвэрүүдийг хэн тогтоох вэ гэдэг үндсэн асуултуудад хариу өгөх мөч болж байна.
Ш.Адъяамаа






