ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

МАН сөрөг хүчний акцыг институцийн хямралд хүргэхгүйгээр шийдвэрлэх сорилт тулгарав

МАН сөрөг хүчний акцыг институцийн хямралд хүргэхгүйгээр шийдвэрлэх сорилт тулгарав

УИХ-ын дарга намын дарга байх ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн акцыг АН-аас зохион байгуулж байна. Тэд төрийн эрх мэдлийн хуваарилалт, парламентын даргын төвийг сахисан байр суурийг хадгалах шаардлагыг онцолж, намын даргын албан тушаалтай давхар хаших нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй гэж үзэж байгаа юм.

Түүнчлэн АН-ын бүлгийн зүгээс уг асуудлыг шийдвэрлэх хүртэл УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байна. Үүний улмаас парламентын үйл ажиллагаа шууд саатаж, өчигдрийн чуулганы хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшлогдсон. Энэ нь улс төрийн маргаан бодит институцийн түвшинд нөлөөлж эхэлснийг харуулж байна.

АН-ын зүгээс “УИХ-ын дарга нь нийт парламент, ард иргэдийн төлөөлөл байх ёстойгоос бус аль нэг намын эрх ашигт үйлчлэх ёсгүй” хэмээн онцолсон юм. Тэд парламентын даргын албан тушаал нь улс төрийн намын удирдлагын үүрэгтэй давхцах нь хууль тогтоох байгууллагын хараат бус байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.

Нөгөө талаас, энэ нөхцөл байдал нь зөвхөн нэг албан тушаалын асуудлаас давж, парламентын үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулах хэмжээнд хүрч болзошгүй гэсэн болгоомжлолыг дагуулж байна. Ирц бүрдэхгүй байх нь хуулийн төслүүд хэлэлцэгдэхгүй саатах, улс орны эдийн засаг, нийгмийн бодлогын шийдвэрүүд удаашрах эрсдэлийг дагуулдаг. Ялангуяа энэ асуудал дөнгөж нээгдсэн хаврын чуулганы эхэнд тохиолдож байгаагаараа онцлогтой.

АН-ын зүгээс уг асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд тодорхой зохицуулж, цаашид ийм давхардал үүсэхгүй байх механизмыг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд байр сууриа өөрчлөхгүй гэдгээ хатуу илэрхийлж буй. Харин эрх баригчдын хувьд парламентын хэвийн үйл ажиллагааг хангах, улс төрийн маргааныг институцийн хямралд хүргэхгүйгээр шийдвэрлэх сорилт тулгараад байна.

Хэдийгээр олонхийн бүлгийн хувьд 68 гишүүнтэй ч, өчигдрийн байдлаар 20 гаруй гишүүн нь янз бүрийн шалтгаан, ажил, уулзалт, биеийн байдлын үүднээс чуулгандаа ирээгүй. Мөн эрх баригч нам доторх хуваагдал нь нөхцөл байдлыг улам төвөгтэй болгож байна.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:АН-ын акц

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна