Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хоёр өдрийн хурал шийдвэргүй өндөрлөж, намын Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо нэг сараар хойшилсон нь АН үнэндээ дотоод улс төрийн гүн хямралд оржээ. Энэ бол ганц хүний томилгоо гацсан хэрэг биш, харин нам доторх эрх мэдлийн бодит хуваарилалт, итгэлцлийн түвшин, удирдлагын чадамж ямар хэмжээнд байгааг ил гаргасан үйл явдал байлаа.
Намын дарга О.Цогтгэрэл дүрмийн дагуу нэр дэвшигчээ оруулж ирсэн ч түүний санал болгосон Д.Амарбаясгалангийн нэр ҮБХ дээр унасан нь тооны хувьд ойрхон мэт боловч улс төрийн утгаараа тун тодорхой дохио өгөв, уг нь. Намын даргын шийдвэр автомат дэмжлэг авдаг механизм АН-д бараг л үгүй. Өөрөөр хэлбэл, намын удирдлага формаль эрх мэдэлтэй ч бодит нөлөөлөл нь фракцуудын зөвшилцлөөс хамааралтай явж ирсэн, энэ зарчим хэзээд хэвээр. Д.Амарбаясгалан 146 хүний дэмжлэг авсан ч 153 хүн эсэргүүцсэн гэдэг бол зүгээр нэг саналын дүн биш, харин намын даргын саналд итгэх үү, эсвэл өөр хувилбар хайх уу гэсэн улс төрийн сонголтын илэрхийлэл юм.
Энэ ялагдлын дараа гарсан дараагийн алхам бүр илүү ихийг өгүүлж байна. Намын дарга А.Батпүрэвийг дараагийн нэр дэвшигчээр санал болгосон ч санал хураалт явуулалгүй ухарсан нь тактикийн шийдвэр байв. Хэрэв хоёр дахь нэр дэвшигч мөн унасан бол энэ нь зөвхөн тухайн хүний биш, шууд намын даргын улс төрийн жингийн тухай дүгнэлт болох байлаа. Тиймээс санал хураалтаас зайлсхийж, хугацаа авч, нөхцөл байдлыг дахин зохион байгуулах оролдлого хийсэн нь илт. Энэ бол удирдлагын шийдэмгий байдлын илрэл биш, харин эрсдэлийг хойшлуулж буй хамгаалалтын тактик юм.
Харин үүнээс ч илүү анхаарал татаж буй нь санал хураалтыг дахин шалгах, камерын бичлэг хүртэл нягтлах тухай яригдсан явдал. Зүтгүүлсэн Д.Амарбаясгалангийнх нь санал хураалтад саналын эрхгүй хүмүүс оролцсон байж болзошгүй, тооллогын алдаа гарсан гэх мэт өнөөх "Унасан бөхөд шалтаг мундахгүй" гэдэгтэй адил боловч үнэндээ улс төрийн уншлага нь өөр. Бага зөрүүтэй ялагдлыг маргаантай болгож, дахин хэлэлцэх боломж нээх нь улс төрийн заль.
Эндээс нэг чухал асуулт гарсан нь дүрмийн дагуу явагдаж байна уу, эсвэл дүрмийг улс төрийн зорилгод нийцүүлэн тайлбарлаж байна уу. Хэрэв хоёр дахь нь бол Ардчилсан нам дотоод ардчиллын зарчмаасаа ухарч, үр дүнг засах улс төр рүү гулсаж эхэлж байна гэсэн үг. Санал хураалтын дүн таалагдахгүй бол дахин шалгана, дахин хэлэлцэнэ, хугацаа авна гэдэг бол институцийн тогтолцоонд итгэх итгэл сул байгаагийн шинж.
Нэг сарын хугацаагаар томилгоог хойшлуулсан шийдвэр ч мөн адил хоёр талтай. Нэг талаас, энэ нь фракцууд хоорондоо тохиролцох, илүү өргөн дэмжлэгтэй нэр дэвшигч гаргах боломж гэж тайлбарлагдаж болно. Нөгөө талаас, шийдвэр гаргах чадваргүй байдлыг цаг хугацаагаар нууж буй хэлбэр. Улс төрийн байгууллагын хувьд шийдвэр гаргаж чадахгүй байх нь өөрөө хамгийн том сул тал. Ялангуяа гадаад орчинд өрсөлдөх ёстой намын хувьд дотооддоо ийм түвшний тодорхойгүй байдал үүсэх нь нэр хүндэд нь шууд сөргөөр нөлөөлнө.
Үнэндээ энэ үйл явдлын төвд “хэн генсек болох вэ” гэдэг асуудал огтхон ч биш. Харин энэ намыг хэн, яаж удирдаж байна вэ гэсэн илүү том асуулт тавигдаж байна. Намын дарга өөрийн санал болгосон хүнийг батлуулж чадахгүй байна гэдэг нь түүний улс төрийн нөлөө хязгаарлагдмал байгааг харуулж байна. Харин энэ хооронд фракцуудын нөлөө бодитоор өсөж, шийдвэр гаргалт албан ёсны бүтэц бус, албан бус тохиролцоонд шилжиж байгааг харуулж байна.
Энэ бол богино хугацааны маргаан биш, урт хугацааны хандлагын эхлэл байж мэднэ. Хэрэв нам дотоод зөрчлөө институцийн зарчмаар шийдэж чадахгүй, харин тактик, арга залиар зохицуулсаар байвал цаашдаа аливаа том бодлогын асуудал дээр ч ижил замаар явах эрсдэлтэй. Ингэвэл намын бодлого бус, харин дотоод хүчний тэнцвэр л бүхнийг шийддэг болно.
Эцэст нь хэлэхэд, Ардчилсан нам өнөөдөр сонголтын өмнө ирээд байна. Нэг сарын дараа тэд зүгээр нэг генсекийг томилох биш, харин өөрсдийнхөө дотоод ардчилал бодит уу, эсвэл зөвхөн нэр төдий зүйл үү гэдгийг харуулах ёстой. Хэрэв тэд ил тод, дүрэмд суурилсан, олонхийн итгэлийг хүлээсэн шийдвэр гаргаж чадвал энэ удаагийн гацалт түр зуурын сорилт болж өнгөрнө. Харин эсрэгээр бодит үр дүнг засах оролдлого давамгайлбал энэ нь намын ирээдүйн сул дорой байдлын эхлэл болох магадлал өндөр.





