Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Тэрбум мод сан" хамтран хаврын Мод тарих өдөрлөгийг "Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн"-д 2026.05.09-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтэд Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан, "Тэрбум мод сан"-гийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа, "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн"-гийн захирал Б.Сайнжаргал болон арилжааны банкны захирлууд оролцож, үг хэллээ.
Мод тарих өдөрлөгт:
"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд ХХААХҮЯ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, "Цагаан алт" ТББ, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон ноос, ноолуур, арьсан ширэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид
"Тэрбум мод сан"-гийн хүрээнд Монголбанк болон арилжааны банкууд, Монголын ногоон санхүүгийн корпораци, Банк санхүүгийн академи
ШУТИС-ийн Үйлдвэр технологийн сургуулийн төлөөлөл оролцлоо.
Өдөрлөгийн хэмжээнд “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн”-д нийт 2700 мод шинээр тарьснаас “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 гаруй ААН-ын 500 орчим хүн оролцож, 1800 мод тарилаа.

Мөн энэ өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Мод тарих өдөрлөг зохион байгууллаа. Санхүүгийн зохицуулах хороо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээнд тус салбарын байгууллагууд нэгдэн нийт 8124 ширхэг мод тарилаа. Арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооноос гадна “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хадгаламж, зээлийн хоршоодын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн холбоо, Монголын биржүүдийн нэгдсэн холбоо болон түүний гишүүн байгууллагууд бусад аж ахуйн нэгжтэй хамтран оролцжээ.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улс орон даяар нийт 120 гаруй сая мод тарьжээ. Мод үржүүлэг болон суулгац бэлтгэн нийлүүлдэг ААН-үүдийн тоо 2 дахин нэмэгдсэн байна.




