“Монголын Хүүхдийн ордон-II буюу Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон” төслийн бэлтгэл ажил, хэрэгжилтийн явцтай танилцах уулзалт зохион байгуулагдлаа.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Номин, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хот төлөвлөлт, судалгааны институт, Бизнес, инновацын газар болон Монголын Хүүхдийн ордны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Энэ үеэр Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажил, барилгын засвар, тохижилтын явц, сургалтын орчны бэлтгэл, цаашдын төлөвлөгөө болон хэрэгжилтийн хугацааны талаар танилцуулж, төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудын явцыг мэдээллээ.
Тус ордон нь хүүхэд, өсвөр үеийнхний шинжлэх ухаанч сэтгэлгээ, бүтээлч байдал, технологийн мэдлэг, инновацын ур чадварыг хөгжүүлэх орчин үеийн сургалт, хөгжлийн цогц төв болон хөгжихөөр төлөвлөгдөж байна.
Тухайлбал, шинжлэх ухаан, инженерчлэл, хиймэл оюун ухаан, роботик, дижитал медиа, бүтээлч үйлдвэрлэл, инновац, энтрепренершип, STEAM боловсролын чиглэлээр хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэх юм.
Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгж, байгууллагууд лаборатори, сургалтын анги танхимыг тохижуулах, техник, технологийн тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал, санаачилгаа илэрхийлээд байна.
Уулзалтын төгсгөлд төслийг төлөвлөсөн хугацаанд бүрэн хэрэгжүүлэх, шаардлагатай төсөв, тоног төхөөрөмж, зохион байгуулалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог улам сайжруулах талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойллоо.
“Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон” нь хүүхэд бүрийн сониуч зан, бүтээлч санаа, шинэ мөрөөдлийг шинжлэх ухаан, технологийн мэдлэг, ур чадвартай холбон хөгжүүлэх шинэ боломжийн орчин болох юм.








