УИХ-ын дарга “Чөлөөлье” санаачилга, Ерөнхий сайд “Цэгцрэх” хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдсэн. Энэ бол зөвхөн уриа биш, Монголчуудын эдийн засгийн эрх чөлөөний жинхэнэ эхлэл байх ёстой.
УИХ-ын дарга Н.Учралын “Чөлөөлье” санаачилгаар хүнд суртал, давхардсан журам, төрийн хэт оролцоог арилгаж, иргэдийн эрх чөлөөг баталгаажуулах том алхам эхэлж байна. Гэтэл ард түмний хамгийн хүнд дарамт бол банкуудын өндөр хүү 16-20 хувийн зээл, ББСБ-ын 40 хувиас дээш, аппликейшн, мөнгө хүүлэгчдийн 50-60 хүртэлх хүүнд дарлагдсан өрхүүд өдөр бүр өрнөөс өр рүү унаж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатарын “Цэгцрэх” хөдөлгөөн төрийн гажуудал, хулгай луйврыг цэгцлэхээр зарлагдсан. Гэвч хамгийн түрүүнд цэгцлэх зүйл бол иргэдийн амьдралыг боомилж буй зээлийн хүүний дарангуйлал.
Одоо сайхан үг биш, бодит алхам л хэрэгтэй байна, дарга нар аа. Амлалт, уриа хоёроор асуудал шийдэгдэхээ больсон. Хэн ч сайхан ярьж чадна, харин иргэдийн амьдралд мэдрэгдэх бодит шийдвэр, бодит хэрэгжилт л өнөөдөр дутаж байна.
-Бодлогын хүү бууруулж, арилжааны банкуудын зээлийн хүүг 10 хувиас доош болгох бодлого хэрэгжүүл.
-Тэтгэврийн зээлийг бага хүүтэй, урт хугацаатай, батлан даагчгүй болго, өрийн гинжнээс чөлөөл.
-Банк бус санхүүгийн байгууллага, онлайн зээлийн хүүгийн дээд хязгаарыг чангатгаж, мөнгө хүүлэлт зогсоо.
-“Чөлөөлье” ба “Цэгцрэх” хөдөлгөөнийг нэгтгэж, эдийн засгийн эрх чөлөөний гол саад болсон хүүний дарангуйллыг эхний ээлжинд шийд.
Ард иргэдээ хүүний гинжнээс чөлөөл, энэ бол жинхэнэ цэгцрэл, эрх чөлөөний эхлэл. Өнөөдөр жинхэнэ цэгцрэл гэдэг нь гоё тайлан, өндөр тоо биш өрийн дарамтад сөхөрсөн айл өрхүүдийг амьсгаа авах боломжтой болгох явдал юм. Цалин нэмэгдлээсээ өмнө зээлийн хүү рүү урсаж, хөдөлмөрийн үр шим нь банкны ашиг болж дуусдаг энэ тогтолцоог засахгүйгээр эдийн засаг "сайжирлаа" гэж ярих боломжгүй. Иргэд ажиллаж байна, татвараа төлж байна, харин амьдрал нь хөнгөрөхгүй хэвээр.
Хүүг бууруулах, шударга санхүүгийн орчин бүрдүүлэх, ард иргэдээ зээлийн боолчлолоос гаргах нь популизм биш төрийн бодит үүрэг. Ард түмэн сайхан үг сонсохоос залхсан, амьдралд нь мэдрэгдэх өөрчлөлт л гагцхүү хүсэж байна. Иргэдээ хүүний гинжнээс салгаж чадвал тэр л жинхэнэ цэгцрэл, чөлөөлөлт болно дарга нараа.






