Турк Улсын Анталья хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-ын хэлэлцээ эцсийн шатандаа орж, улс орнууд шийдвэрлэх шаардлагатай үлдсэн асуудлуудаар зөвшилцөлд хүрэх хэлэлцээг эрчимжүүлж байна.
Арваннэгдүгээр сарын 19-ний өдөр хурлын хүрээнд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн нарийн бичгийн дарга нарын газар, Уур амьсгалын аваргууд болон түнш байгууллагууд хамтран “Electrify the World” хэрэгжилтийн багц-ыг танилцууллаа. Энэхүү санаачилга нь эрчим хүч, цахилгаан сүлжээ, тээвэр, барилга, аж үйлдвэрийн салбарын цахилгаанжилтыг хурдасгах шинэ амлалтуудыг багтаажээ.
Мөн Utilities for Net Zero Alliance-ийн гишүүд цахилгаан сүлжээ, сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүч хадгалах системд жил бүр доод тал нь 156 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө баталгаажуулсан байна.
Хөдөө аж ахуйн салбарт дэлхийн 116 улсын 66 сая га газрыг хамарсан нөхөн сэргээгч хөдөө аж ахуйн хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа бөгөөд эдгээрийн санхүүжилт 2.3 тэрбум ам.долларт хүрчээ.
Түүнчлэн халуун орны ойг хамгаалах, нөхөн сэргээх зорилготой Tropical Forest Forever Facility санхүүжилтийн шинэ амлалтуудаар нийт хөрөнгө оруулалтаа 8 тэрбум ам.доллароос давуулсан талаар мэдээллээ.
Харин хэлэлцээний үеэр шударга шилжилт, санхүүжилтийн хүртээмж, хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх асуудал гол анхаарлын төвд байв. Иргэний нийгмийн байгууллагууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлого, цэвэр эрчим хүчний шилжилтийн үр өгөөжийг хүн бүрд хүртээмжтэй байлгаж, аль ч улс орон, нийгмийн бүлгийг орхигдуулахгүй байхыг уриалжээ.
Ийнхүү COP31-ийн энэ өдрийн гол зорилго нь улс орнуудын гаргасан амлалтыг бодит хэрэгжилт болгох, цэвэр эрчим хүчний шилжилтийн үр өгөөжийг улс орон бүр, иргэн бүрд хүртээхэд чиглэж байна.










