ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Нийгэм

16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2026.05.01-нд болно

16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2026.05.01-нд болно

Энэ тухай талийгаач охины ээж Г.Отгонтуяа Давж заалдах шатны шүүх хурал 2026 оны тавдугаар сарын 1-ний өдөр товлогдож, таван өмгөөлөгчтэй оролцох болсноо мэдээлэв.

Тэрбээр "Өнөөдөр Г.Отгонтуяа миний бие 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Монголын ард түмэн, олон нийтэд, миний охин 16 настай Ч.Шинэсарангийн амь насыг онц хэрцгийгээр хохироосон гэмт хэргийн “Давж заалдах шатны шүүх хуралдаан”-д оролцох хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох өмгөөлөгчдийн талаар мэдэгдэл хийж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаан 2026 оны тавдугаар сарын 1-нд болох тов гарлаа.

 

Миний бие “Анхан шатны шүүх”-ийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг “Анхан шатны шүүх”- д буцааж дахин Мөрдөн байцаалтад буцаахыг хүсэж давж заалдах гомдол гаргасан билээ. Охины минь амийг хөнөөсөн тэр аймшигт өдрөөс хойш даруй бүтэн 1 жил 10 сар буюу 22 сарын турш хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд олон олон өмгөөлөгчид, хуульчид болон Монгол төрийн удирдах албан тушаалтнуудтай уулзлаа. Миний уулзсан жирийн нэгэн иргэнээс авхуулаад төрийн өндөр албан тушаалтан хүртэл энэ аймшигт хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд надад сэтгэл санааны асар их дэмжлэг үзүүлж байлаа.

 

Монголчууд минь зөвхөн сэтгэл санааны дэмжлэг үзүүлээд зогсохгүй Хандивын аян эхлүүлж, онц хүнд гэмт хэргийн үнэн мөнийг тогтооход хууль зүйн туслалцаа үзүүлэх туршлагатай, мэргэшсэн өмгөөлөгч авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн гомдол бол ганц миний хүсэл биш Монголын ард түмний хүсэл, шаардлага гэдгийг би ихээр ухаарч байгаа.

 

Тиймээс сайхан сэтгэлт Монголчуудынхаа хандивласан хандивын мөнгөөр Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат өмгөөлөгчдөөс гадна Монгол Улсын шилдэг, тэргүүний мэргэшсэн гурван өмгөөлөгчид болох Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарыг нэмж аван нийт таван өмгөөлөгчидтэйгөөр Нийслэлийн Давж Заалдах шатны шүүх хуралдаанд орох бэлтгэлээ ханган ажиллацгааж байна. Энэ онц ноцтой гэмт хэрэг бол зүгээр нэг гэмт хэрэг биш хүний алтан амь насны үнэгүйдэл, гэр бүлийн уй гашуу, нийгмийн шударга ёсны гажуудал, эмгэнэл юм. Миний туйлын хүсэл бол энэ хэрэгт хөндлөнгийн нөлөөгүй, бодит үнэн дээр тулгуурласан шударга шийдвэр гаргах юм.

 

Иймээс бид хууль, шударга ёсны хүрээнд бүх боломжийг ашиглан үнэн зөвийг тогтоолгохын төлөө тууштай ажиллах болно. 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн анхан шатны шүүх хурлаар 16 настай ганц охин Ч.Шинэсарангийн минь амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт “Хамжигч”-аар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг гэм буруугүй хэмээн шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэжээ.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:Шүүх

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна