Архангай аймгийн шүүхийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиож буй энэ цаг үед стандарт, шаардлагад нийцсэн шүүхийн шинэ байр ашиглалтад орлоо.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зарчмын зохицуулалтыг боловсронгуй болгож, шүүх эрх мэдлийн шинэчлэлийн эрх зүйн үндсийг бэхжүүлсэн.








Үүний үргэлжлэл болгон 2021 онд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталж, шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, шүүгчийн сонгон шалгаруулалт, сахилга, хариуцлага, шүүхийн захиргааны тогтолцоотой холбоотой зохицуулалтыг шинэчилсэн.
Түүнчлэн 2024 онд Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг баталж, шүүх эрх мэдлийг эдийн засаг, эрх зүйн хувьд бэхжүүлэх, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа, дэд бүтэц, хүний нөөцийн чадавхыг үе шаттайгаар сайжруулах 10 жилийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд улсын хэмжээнд стандарт, шаардлагад нийцсэн 8 шинэ барилга баригдаж байгаа бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэлийн бодлогын нэг хэсэг юм.
Тухайлбал, 2026 онд Архангай аймгийн шүүхийн шинэ байрны хамт Багануур дүүрэг, Өмнөговь, Дархан-Уул аймгийн шүүхийн барилгууд ашиглалтад орно. 2027 онд Дорнод аймгийн шүүх болон Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн хоёр барилгыг, 2028 онд Хан-Уул дүүргийн “Дүүргүүдийн шүүхийн нэгдсэн байр” цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Архангай аймгийн шүүхийн шинэ байр ашиглалтад орж буй нь тус аймгийн шүүхийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ойтой давхцаж буйгаараа онцлог үйл явдал болж байна.
Шүүхийн шинэ байр ашиглалтад орсноор шүүгч, шүүхийн ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч, иргэд тав тухтай орчинд шүүхийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм.





