Гадны банк Монголд оруулах асуудал олны анхаарлын төвд байгаатай холбогдуулан эдийн засагч Р.Даваадоржоос байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр “Монголд зээлийн хүү өндөр, зээлгүй Монгол хүн бараг байхгүй. Гэхдээ үүнийг гадны банк орж ирээд шийдчихнэ, зээлийн хүү автоматаар буурна гэж ойлгож болохгүй” хэмээн онцолсон юм.
Эдийн засагчийн хэлснээр банк гэдэг бол ашгийн төлөө байгууллага. Авлига өндөр түвшинд хөгжсөн, мөнгө хүүлэлт хавтгайрсан, санхүүгийн сахилга бат сул манайх шиг улсад бага хүүтэй зээл олгохоор гадаадын банк орж ирнэ гэж байхгүй аж.
“Хүмүүс гадны банк орж ирвэл зээлийн хүү буурна гэж эндүүрч байна. Манай улсыг тоож орж ирэх нь ч эргэлзээтэй, орж ирсэн ч бага хүүтэй зээл олгоно гэж бүр ч байхгүй. Өөрийн улсын татвар төлөгчдийн мөнгийг авчирч, санхүүгийн сахилга батгүй улсад бага хүүтэй тараах банк гэж үгүй” хэмээн тэрбээр байр сууриа илэрхийлэв.
Мөн тэрбээр "ХААН банк, Худалдаа хөгжлийн банк зэрэг томоохон банкууд гадаадын эзэмшилтэй бөгөөд энэ утгаараа “гадаадын банк”-наас ялгаагүй. Гэтэл гадаад руу харахаар бага хүүтэй, гоё харагддаг юм шиг сэтгээд байна. Манай улсад орж ирж мөнгөө тараах эргүү, эсвэл галзуу хүн байж магадгүй" гэлээ.
БИЧЛЭГИЙГ ЭНДЭЭС:





