ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Засгийн газар “де-факто” огцрох эрсдэл ойрхон байна

Засгийн газар “де-факто” огцрох эрсдэл ойрхон байна

126 гишүүнтэй парламентын нөхцөл байдал сүүлийн өдрүүдэд улс төрийн ноцтой гацалд орж, институц хоорондын тэнцвэр, засаглалын тогтвортой байдалд бодит эрсдэл үүсгээд байна. Ардчилсан намын 42 гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр УИХ-ын ирц бүрдэхгүй байх нөхцөл бүрдэж, хууль тогтоох үйл ажиллагаа үндсэндээ саатлаа.

Энэ нь зөвхөн нэг удаагийн улс төрийн маргаан биш, харин парламентын ажиллагаа бүхэлдээ “кворумын хямрал”-д орсны илрэл юм.

126 гишүүнтэй шинэ тогтолцооны логик нь олон намын оролцоог тэлж, төлөөллийг нэмэгдүүлэх зорилготой байсан ч бодит байдал дээр сөрөг хүчин бойкот зарлахад парламент бүхэлдээ зогсох эмзэг бүтэцтэй хэвээр байгааг харуулж байна.

Өнөөдрийн нөхцөлд чуулган төдийгүй байнгын хороод хүртэл хуралдаж чадахгүй болсон нь хууль тогтоох засаглал ажиллахгүй болсныг илтгэнэ. Парламент ажиллахгүй байна гэдэг нь Засгийн газар хяналтгүй, бодлогогүй, шийдвэр гаргах легитимитгүй болно гэсэн үг.

Ийм үед Засгийн газар хууль зүйн хувьд огцроогүй ч улс төрийн утгаараа “де-факто” огцорсон байдалд ордог. Г.Занданшатарын Засгийн газрын хувьд яг ийм нөхцөл үүсээд байна. Нөгөө талаас улс төрийн хүрээнд Н.Номтойбаяр зэрэг улстөрчид “Засгийн газар де-факто огцорсон” гэж дүгнэж эхэлсэн нь энэ ойлголт бодит улс төрийн дискурс болж хувирсныг илтгэнэ.

Энд хамгийн чухал зүйл бол энэ хямрал зөвхөн сөрөг хүчний бойкотын үр дүн биш. Харин эрх баригч нам доторх зохион байгуулалт, дотоод зөрчил ил гарч буй хэлбэр юм. 

МАН дангаараа 68 суудалтай байж ирцээ бүрдүүлж чадахгүй байна гэдэг нь зөвхөн оролцоо төдий асуудал биш, улс төрийн сахилга, нэгдэл алдагдсаны илрэл. Өөрөөр хэлбэл асуудлын гол нь сөрөг хүчинд бус, дотооддоо байна гэсэн үг.

Ийм нөхцөлд УИХ-ын даргын суудал улс төрийн төв цэг болж хувирч байна.Н.Учралыг огцруулах шаардлага бол гадна талаасаа ирцийн хямралын шалтгаан мэт боловч үнэндээ эрх мэдлийн дараагийн шатны тохиргооны илэрхийлэл юм. Монголын улс төрийн практикт намын дарга Ерөнхий сайд болдог тогтсон логик үйлчилдэг. Тиймээс энэ процесс ямар нэг “магадлал” биш, харин улс төрийн дараагийн шатны бараг тодорхой зураглал гэж хэлж болно. Намын дарга энэ нөхцөлд гүйцэтгэх засаглалыг гартаа авах нь системийн хувьд хэвийн үргэлжлэл бөгөөд үүнийг тойрч өөр хувилбар яригдах нь бодит бус.

Тиймээс өнөөгийн нөхцөл байдлыг “хямрал” гэж харахаас гадна “шилжилт” гэж ойлгох нь илүү оновчтой. Парламентын ирц бүрдэхгүй байгаа нь гадна илрэл нь боловч дотор нь эрх мэдэл дахин хуваарилагдаж байна. Энэ үйл явцын төгсгөлд УИХ-ын даргын суудал, Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдөх өндөр магадлалтай.

Улс төрийн практик дээр ийм нөхцөл удаан үргэлжилдэггүй. Эцэст нь нэг тал буулт хийж, эсвэл тохироонууд хийгддэг. Харин энэ удаад тэр “буулт” нь хувь хүн солигдохоос давж, бүтцийн өөрчлөлт рүү орж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна