ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Б.Энхбаяр: Намайг мөнгө авахыг харсан гэрчүүд байгаа бол өөрсдөө гарч ирээд ярих хэрэгтэй

Б.Энхбаяр: Намайг мөнгө авахыг харсан гэрчүүд байгаа бол өөрсдөө гарч ирээд ярих хэрэгтэй

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын талаар мэдээлэл хийж, Авлигатай тэмцэх газарт хандсантай холбоотойгоор Б.Энхбаяр болон дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар тайлбар өглөө.

Б.Энхбаяр сайд Л.Оюун-Эрдэнийн хийсэн хэвлэлийн хурлыг “баримтгүй, гүтгэлгийн шинжтэй” хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, харин эсрэгээрээ түүнийг холбогдуулсан хэд хэдэн хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгааг онцлов. Тэрбээр “Гэрэгэ тауэр”-ын 14 давхартай холбоотой асуудлаар нэр бүхий иргэн гарч ирж мэдээлэл өгсөн бөгөөд уг этгээдийг гэрчийн хамгаалалтад авна гэдгийг дурдав.

Мөн өөрийг нь 1.3 сая ам.долларын авлига авсан гэх мэдээллийг няцааж, хэрэв үнэхээр бичлэг, баримт байгаа бол олон нийтэд ил болгох ёстой хэмээн байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн уг асуудалд нэр дурдагдсан зарим бизнес эрхлэгчидтэй өөрөө огт уулзаж байгаагүй, холбоогүй гэдгээ мэдэгдэв.

Б.Энхбаяр сайдын хэлснээр, өөрийг нь хувийн эд хөрөнгө, нисдэг тэрэг зэрэгтэй холбон ярьж буй нь үндэслэлгүй бөгөөд улс төрийн зорилготой гүтгэлэг гэж үзэж байна. Мөн зарим компанитай холбоотой их хэмжээний хахуулийн тухай яриаг үгүйсгэж, өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээнүүдийг шалгах ажлыг өөрөө эхлүүлж байсан гэдгээ тайлбарлав.

Тэрбээр Авлигатай тэмцэх газар нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагддаггүй, харин прокурорын байгууллагын хяналтад ажилладаг болохыг онцолж, хуулийн байгууллагын ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг уриалав. Мөн шалгагдаж буй хэргүүд шүүхийн шатанд шилжих дөхөх үед улс төрийн мэдэгдэл хийх замаар анхаарал сарниулах оролдлого гарч байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Онгоцтой холбоотой асуудлын хувьд төрийн нууцад хамаарах тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлсэн бөгөөд уг асуудал өмнөх Засгийн газрын үед нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцэгдсэн гэв. Харин өөрийг нь сайдаар ажиллах хугацаанд шалгалт хийж, дүнг мөн адил нууцын зэрэглэлтэйгээр танилцуулсан гэж мэдэгдэв.

Түүнчлэн авлига, албан тушаалын хэргийг ил тод болгох чиглэлд 2024 онд хуульд өөрчлөлт оруулж, шүүх хурлыг нээлттэй явуулдаг болгосныг онцолж, үнэн тодорхой болно" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна