ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Говьд гэрэл асч, нийслэлд хязгаарлалт: Төр яагаад бүтээн байгуулж чаддаггүй вэ?

Говьд гэрэл асч, нийслэлд хязгаарлалт: Төр яагаад бүтээн байгуулж чаддаггүй вэ?

2011 онд Өмнөговь аймагт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 18 мегаваттын хүчин чадалтай Ухаа худагийн цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулсан. Тус станц өнөөдөр зөвхөн нэг уурхайн хэрэгцээг хангаад зогсохгүй баяжуулах үйлдвэр, Цэций суурин, 700 гаруй айлын орон сууц бүхий хорооллууд, “Уурхайчин” хороолол зэрэг олон мянган хүний амьдрал, үйлдвэрлэлийг тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангаж байна.

Хамгийн энгийн тооцооллоор, нэг аймгийн төвийн дундаж цахилгаан хэрэглээ ойролцоогоор 3 мегаватт байдаг. Үүнийг жишвэл, 18 мегаваттын хүчин чадалтай эх үүсвэр нь дунджаар зургаан аймгийн төвийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломжтой гэсэн үг.

Ийм хэмжээний цахилгаан станцыг хувийн компани ердөө 16 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулсан нь Монголын нөхцөлд бодит жишээ болон үлдэж байна. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улс эрчим хүчний салбарт хэдэн их наяд төгрөгийн зээл, тусламж, төсөв зарцуулсан тухай тоо баримт байнга яригддаг. Өнгөрсөн жил гэхэд цахилгааны үнийг нэмсэн. Гэсэн ч бодит байдал дээр өвөл бүр цахилгаан хязгаарлалт, дулааны доголдол, станцын ослын мэдээ давтагдсаар байна. Нийслэл хот бүхэлдээ хөлдөх эрсдэл ярьдаг болсон нь санамсаргүй хэрэг биш.

Ухаа худагийн жишээ нэг зүйлийг тод харуулдаг. Хийж бүтээе гэсэн зорилго, хариуцлага байвал хувийн хэвшил богино хугацаанд шийдэл гаргаж чаддаг. Харин төрийн хувьд хурал, хэлэлцүүлэг, стратеги нэрийн дор цаг алдсаар, хариуцлага замхарсаар иржээ.

Ослын ирмэг дээрх систем

Эрчим хүчний салбарын гол станцуудын дийлэнх нь 40-60 жилийн насжилттай, элэгдэл нь хязгаарт хүрсэн гэдгийг мэргэжилтнүүд олон жил анхааруулсаар ирсэн. Гэсэн ч бодит шинэ эх үүсвэр барих ажил дорвитой урагшилсангүй. Харин осол, дэлбэрэлтийн эрсдэл тулгарсны дараа л “яаралтай засвар”, “хязгаарлалт” гэх байдлаар амь зогоосон арга хэмжээ авч ирсэн. 

1960-1980-аад онд баригдсан станцууддаа найдан ослын ирмэг дээр ажиллуулж, сүүлдээ "дэлбэрэхээс нь өмнө зогсооно" гэж ярих хэмжээнд хүрсэн нь бодит үнэн.

Энэ бол байгалийн гамшиг биш. Энэ бол бодлого, төлөвлөлтийн дампуурал.

Улс орны чадамж уу, төрийн чадамж уу?

Монгол Улс уул уурхай, экспортын орлогоороо бүс нутагтаа доройтсон орон биш. Гэсэн ч эрчим хүчний хувьд хөрш орнуудаас хараат хэвээр, нийслэл хот нь өвөл бүр эрсдэл дунд оршсоор байна. Иймд асуудал мөнгө, технологидоо биш. Асуудал төрийн бодлого, хариуцлага, хийж бүтээе гэсэн сэтгэлд л байна. Үүний тод жишээ бол Улаанбаатар хотын эрчим хүчний хомсдлыг шийдэх гол гарц хэмээн олон жил яригдсан V дугаар цахилгаан станцын төсөл юм. Олон Засгийн газар дамжсан ч өнөөдрийг хүртэл цаасан дээрээ үлдсээр байна.

Нэг сумыг найдвартай хангах хэмжээний станцыг 16 сарын дотор барьж чадсан байхад, бүхэл бүтэн улсын нийслэл хотод шаардлагатай эх үүсвэр яагаад бодитоор хэрэгждэггүй вэ гэсэн асуулт зайлшгүй урган гарна. V дугаар цахилгаан станцын төсөл бол төрийн төслүүдийн нийтлэг дүр зураг, эзэнгүй, хариуцлагагүй, улс төрийн циклд баригдсан учраас бодит ажил болдоггүй. Нэг зуух зогсоход нийслэл доголддог. Өнөөдөр Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгдэж байна. Гэтэл шинэ эх үүсвэр баригдаагүй, нөөц станц үгүй, системийн аюулгүй байдал улам эмзэг болжээ.

Нэг зуух зогсоход 20 мянган айл тоггүй болж, эмнэлэг, сургууль, үйлдвэрүүд эрсдэлд орж, нийслэл бүхэлдээ “хязгаарлалт”-ын горимд шилждэг болсон.

Нэг хувийн компани 2011 онд хийж чадсан зүйлийг төр 2020-аад онд ч хийж чадсангүй, гутармаар. Монголд эрчим хүчний нөөц дутаагүй. Харин хариуцлагатай, шийдвэр гаргадаг төр л дутагдаж байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна