ОХУ-аас Сүхбаатар боомтоор Монгол Улсад импортлон оруулж буй АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээллээ.
Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 1-нд Сүхбаатар боомтоор 22 вагон буюу 2,220 тонн, наймдугаар сарын 2-нд 49 вагон буюу 2,940 тонн АИ-92 автобензин тус тус орж иржээ. Ингэснээр нийт 86 вагон буюу 5,160 тонн шатахуун импортолсон бөгөөд энэ нь Монгол Улсын ердийн хэрэглээний ойролцоогоор 2.5 хоногийн хэрэгцээг хангах хэмжээ юм.
Импортолсон шатахууныг Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг буух өртөөдөд хүргэн, агуулахад буулгах болон нийслэл, орон нутгийн шатахуун түгээх станцууд руу тасралтгүй ачилт хийх ажлыг зохион байгуулж байна.
Мөн ОХУ-аас 2026 оны долоодугаар сарын 29-нд ачигдсан 28 вагон буюу 1,680 тонн АИ-92 автобензин ойрын хугацаанд Сүхбаатар боомтоор орж ирэх төлөвтэй байна.
Шатахуунтай вагоныг буух өртөөдөд хүргэх, агуулахад буулгах, шатахуун түгээх станцуудад шуурхай түгээх ажлыг Улаанбаатар төмөр зам, Гаалийн байгууллага, холбогдох төрийн байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран 24 цагийн турш тасралтгүй зохион байгуулж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.






