16 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтэй холбоотой гэм буруугийн шүүх хурлыг ирэх Пүрэв гаригт буюу энэ сарын 22-нд хаалттай явуулахаар шүүхээс шийдвэрлэсэн.
Шүүхийн зүгээс уг хэргийг хаалттай хэлэлцэх болсон шалтгаанаа насанд хүрээгүй хохирогч, гэрчийн эрх, сэтгэл зүйн хамгаалалтыг нэн тэргүүнд хангах шаардлагатай гэж тайлбарлажээ.
Гэсэн ч уг шийдвэр олон нийтийн дунд маргаан дагуулж, иргэдийн зүгээс шүүх хурлыг ядаж хэсэгчлэн нээлттэй явуулах шаардлагыг идэвхтэй илэрхийлж байна.Нийгэмд онц ноцтой хэргүүдийг ил тод хэлэлцэх, шүүхийн үйл ажиллагаанд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ийм төрлийн гэмт хэрэг давтагдахаас сэргийлэхэд олон нийтийн хяналт чухал гэж үзэж буйгаа цахим орчинд илэрхийлж эхэлжээ.
Харин хууль, журмын дагуу эцсийн шийдвэрийг шүүх бие даан гаргах бөгөөд одоогоор шүүх хурлыг бүрэн хаалттай явуулах тов өөрчлөгдөөгүй байна. Олон нийтийн зүгээс шүүхийн шийдвэрийг анхааралтай ажиглаж, ил тод, шударга шийдвэр гарахыг шаардаж буйгаа илэрхийлсээр байна.






