УИХ-ын дарга Н.Учралын танил тал, арын хаалгаар ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн нэрсийг дэлгэнэ гэж сүржигнэх нь асуудлын голыг онилж чадахгүй байна. Баян хүмүүс ипотекийн зээл авдаггүй байгаа шүү. Тэдэнд орон сууц авахад банкны 6–8 хувийн зээл үнэндээ шаардлагагүй. Харин цалин орлогоороо амьдралаа залгуулж, олон жил түрээс төлж яваа дундаж, жирийн иргэд л орон сууцтай болохын тулд ашигладаг бодлого.
Үүнийг ашигласан иргэдийн нэрсийг олон нийтэд зарлах нь хувийн мэдээлэл, нэр төр, аюулгүй байдалд халдах ноцтой эрсдэл дагуулна.

Жинхэнэ асуудал нь иргэд олон удаа зээл авсанд биш, яагаад нэг хэсэг нь танил тал, арын хаалгаар давуу эрх эдэлж чаддаг тогтолцоо бий болсонд оршиж байна.
Гэтэл таны мэдэгдэл жараахай хөөж попорч байгаа маягтай, бодит авлигын гол асуудлыг цэгцлэхгүй нь лавтай. Тиймээс ипотекийн зээлийг олон удаа авсан гэдгээр иргэдийг буруутгах нь учир дутагдалтай, шударга бус хандлага юм.
Жинхэнэ асуудал нь иргэдэд биш, харин яагаад цөөн хүн танил тал, арын хаалгаар дараалал дайрч, шалгуур алгасаж, бусдаас давуу эрх эдэлдэг гаж тогтолцоо бий болсонд оршиж байна.
Энэ тогтолцоог хэн бий болгов, ямар албан тушаалтан гарын үсэг зурж, ямар банк, ямар байгууллага нүдээ аниад өнгөрөөсөн бэ зэрэг эдгээр асуултад хариулт өгөхийн оронд жирийн иргэдийн нэр усыг дэлгэж, нийгмийн бухимдлыг тэд рүү чиглүүлэх нь асуудлыг шийдэх биш, бултах арга юм.
Хамгийн ноцтой нь, энэ бүхний цаана нам доторх нөлөө бүхий авлигачид, эрх мэдэлтэй бүлэглэлүүд хариуцлага хүлээлгүй үлдэж, харин хууль ёсны журмаар зээлд хамрагдсан иргэд л олон нийтийн шүүлт, дарамтад өртөх эрсдэл үүсч байна.
Хэрвээ үнэхээр шударга ёсыг тогтооно гэвэл иргэдийг онилох биш, давуу эрхийг бий болгосон систем, эрх мэдэл, авлигын сүлжээг ил болгох ёстой. Үгүй бол энэ нь авлигатай тэмцэл бус, иргэдийн эрх, нэр төрөөр улс төр хийх оролдлого гэж харагдахаас өөр аргагүй нь.
БИЧЛЭГИЙГ ЭНДЭЭС:






