Япон улс хүнсний бараанд ногдуулдаг 8 хувийн НӨАТ-ыг хоёр жилийн хугацаанд 0 хувь болгох саналыг хөндөж эхэлжээ. Уг арга хэмжээ нь инфляц нэмэгдэж, иргэдийн амьжиргааны өртөг өссөнтэй холбоотойгоор хэрэглээний дарамтыг бууруулах зорилготой аж.
Тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичи парламентын чуулганы үеэр мэдэгдэхдээ, “Бид татварыг нэмэхгүй, харин хүнсний барааны НӨАТ-ыг түр хугацаанд 0 хувь болгоно. Цаашид иргэдэд чиглэсэн татварын буцаан олголтын тогтолцоонд шилжинэ” хэмээн онцолсон байна.
Сүүлийн жилүүдэд Японд хүнсний үнэ өсч, импортын зардал нэмэгдсэн, мөн үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш суларсан нь өрхийн бодит орлогыг бууруулж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж байгаа юм. Иймээс Засгийн газар богино хугацаанд хэрэглээг дэмжих, өрхийн зардлыг бууруулах бодлогын арга хэмжээ авахаар зорьж байна.
Хэрэв уг санал батлагдвал хүнсний бүтээгдэхүүний үнэ шууд буурч, өрхийн өдөр тутмын зардалд эерэг нөлөө үзүүлэх хүлээлттэй байгаа бөгөөд ялангуяа бага орлоготой иргэдэд бодит дэмжлэг болно гэж үзэж буй.
Гэсэн хэдий ч энэхүү шийдвэр нь улсын төсвийн орлогод тодорхой хэмжээгээр нөлөөлөх, улмаар төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэл дагуулж болзошгүйг зарим эдийн засагчид анхааруулжээ.






