Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн өнөөдөр /2026.03.23/ ЖАЙКА Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагын “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн багийн ахлагч Ичиро Окумураг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр 2025-2029 онд хэрэгжиж буй тус төслийн явц, хүрсэн үр дүн, цаашдын хэрэгжилтийн чиглэлээр санал солилцов. Төслийн хүрээнд Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог институцчилах, бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох байгууллагуудын чадавхыг бэхжүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Тус төсөл нь 2025 оны хоёрдугаар сараас эхэлж, 2029 оны нэгдүгээр сар хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сүүлийн нэг жилийн хугацаанд төслийн хүрээнд зургаан удаагийн сургалт, 13 хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 200 орчим албан хаагчийг хамруулсан нь төрийн байгууллагуудын төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан байна.
Уулзалтын үеэр Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан төв болон орон нутгийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх шаардлагатайг онцолж, аймаг, орон нутагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх боломж нэмэгдэж байгааг тэмдэглэв. Энэ хүрээнд бодлогын чиглэл, арга зүйн дэмжлэгийг Эдийн засаг, хөгжлийн яам болон төслийн үр шим хүртэгч байгууллагуудын зүгээс үзүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ. Энэхүү төсөл нь Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог бэхжүүлэх, томоохон хөгжлийн төслүүдийг үр ашигтай хэрэгжүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.






