Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн (НДШ) 50 хувийг төрөөс хариуцан төлөөд багагүй хугацаа болж байна. Нэг хэсэг нь хөдөө аж ахуйн салбарыг дэмжих бодлогын хүрээнд зайлшгүй алхам гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь шударга бус хандлага хэмээн шүүмжилж буй.
Юуны өмнө бодит байдлыг харвал, малчид зах зээлийн хатуу дүрмээр бүтээгдэхүүнээ борлуулдаг. Мах, сүү, цагаан идээ хэзээ ч хямдарсан үнээр хотын иргэдэд хүрдэггүй, харин ч улирлаас шалтгаалан үнэ нь тогтмол өсдөг. Хотын хэрэглэгчид өндөр үнээр мах, сүү худалдан авч, инфляцийн дарамтыг өөр дээрээ үүрч буй нь нууц биш.
Гэтэл ийм нөхцөлд малчдын НДШ-ийн талыг нь буюу 50 хувийг төрөөс төлнө гэдэг нь бусад салбарын хөдөлмөр эрхлэгчдэд шударга санагдахгүй нь лавтай. Хотод ажиллаж буй иргэд цалингаа авч, түүнээсээ НДШ, ХХОАТ-аа бүтнээр нь төлж байхад зах зээлд бүтээгдэхүүнээ үнэлж зардаг нэг хэсгийнх нь шимтгэлийг улсын төсвөөс даана гэдэг асуулт дагуулна.
Нөгөө талаас, малчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, орлого нь улирлын чанартай, байгалийн эрсдэл өндөр гэдгийг үгүйсгэх аргагүй. Гэвч нийгмийн даатгал бол орлогын хэмжээнээс үл хамааран тэгш зарчмаар хэрэгжих ёстой тогтолцоо.
Хэрэв төрөөс дэмжлэг үзүүлэх гэж байгаа бол бүх салбарт ижил шалгууртай, зорилтот хэлбэрээр хэрэгжүүлэх нь илүү оновчтой.Эцэст нь хэлэхэд, малчдыг дэмжих бодлого хэрэгтэй ч татвар, шимтгэлийн ачааллыг сонгомлоор бууруулах нь нийгмийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иргэд мах, сүүгээ хямд авч чадахгүй хэвээр байхад, харин төсвөөс тодорхой бүлгийн шимтгэлийг даах нь “шударга дэмжлэг мөн үү?” гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавихад хүргэж байна.





