Улсын хэмжээнд ахмад настнуудад олгодог “Насны хишиг” мөнгөн тусламжийг жил бүр улсын баяр наадам, сар шинийн баярын өмнө жилд хоёр удаа олгодог. Үүнтэй холбоотойгоор энэ онд 65 нас хүрч буй, уг хөтөлбөрт хамрагдах ахмад настнуудын хүсэлтийг хүлээн авч эхлээд байна.
Журмын дагуу ахмад настнуудад насны ангиллаас шалтгаалан:
- 65–69 настайд – 50,000 төгрөг
- 70–79 настайд – 80,000 төгрөг
- 80–89 настайд – 150,000 төгрөг
- 90 ба түүнээс дээш настайд – 250,000 төгрөгийн насны хишиг олгодог.
2025 оны байдлаар Монгол Улсад 65 ба түүнээс дээш насны 190 мянга гаруй ахмад настан амьдарч байна гэсэн судалгаа бий. “Насны хишиг” тэтгэмжийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн олгож эхэлсэн бөгөөд анх удаа хамрагдах, эсвэл өмнө нь уг тэтгэмж авч байгаагүй иргэд E-Mongolia системээр дамжуулан цахимаар хүсэлт гаргах боломжтой юм.
“Насны хишиг” үйлчилгээний хүсэлтийг хэрхэн илгээх вэ?
- -Та өөрийн бүртгэлээрээ E-Mongolia систем рүү нэвтэрнэ.
- -Үйлчилгээ хайх хэсэгт “Насны хишиг” үйлчилгээг сонгоно.
- -Үйлчилгээ авах товч дээр дарснаар бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт гарч ирнэ. /Цахимаар хүсэлтээ илгээснээр эдгээр материалыг биетээр бүрдүүлэх шаардлагагүй/
- -Үргэлжлүүлэх хэсэгт дарж, дансны мэдээлэл хэсэгт өөрийн ашигладаг арилжааны банкаа сонгон, өөрийн нэр дээрх дансны дугаараа оруулан бүртгүүлнэ.
- -Баталгаажуулах хэсэгт “Тийм” гэсэн сонголтыг хийснээр хүсэлт амжилттай илгээгдэж таны данс баталгаажна.
Тус үйлчилгээнд 65 болон түүнээс дээш насны бүх ахмадууд хамрагдах боломжтой. Харин өмнө нь “Насны хишиг” авч байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул дахин шинээр хүсэлт илгээх шаардлагагүй.
Биечлэн очих тохиолдолд өөрийн оршин суугаа харьяа дүүрэг, сумын халамжийн мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлнэ. Өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлтээ илэрхийлснээр тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ахмад настны иргэний үнэмлэх бусад баримт бичгийг хавсарган “Насны хишиг” авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм. “Насны хишиг”-ийн мөнгийг ирэх хоёрдугаар сард олгох юм.






